#Мэдээ, Мэдээлэл

Нийслэлийн Дотоод аудитын алба БНХАУ-ын Нанжин хотын Аудитын Их сургуультай хамтын ажиллагааны албан ёсны уулзалтад оролцов.

Нийслэлийн Дотоод аудитын албаны дарга З.Отгонбаяр болон албан хаагчдын төлөөлөл БНХАУ-ын Нанжин хотын Аудитын Их сургуулийн урилгаар тус сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, албан ёсны уулзалтад оролцож, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Тус албан ёсны уулзалтын хүрээнд Нанжин хотын Аудитын Их сургуулийн дарга, Намын хорооны нарийн бичгийн дарга Дун Бирон, Намын хорооны байнгын хорооны гишүүн, дэд захирал Ли Чяньвэнь, Дотоод Аудитын сургуулийн захирал Шү Ханью, Үндэсний Аудитын газрын Судалгааны хүрээлэнгийн дэд захирал Ли Жаондун, Гадаад оюутны факультетийн шууд харьяа намын хорооны орлогч нарийн бичгийн дарга Шю Фей, Олон улсын хамтын ажиллагаа, солилцооны албаны дэд дарга Ян Янь болон гадаад оюутны факультетийн албан хаагчидтай хоёр талын уулзалт зохион байгуулж, цаашид Нийслэлд Дотоод аудитын чиглэлээр ажиллаж буй төрийн байгууллагуудын албан хаагчдыг аудит, санхүү, эдийн засгийн чиглэлээр Хятадын Засгийн газрын тэтгэлгээр урт, богино хугацааны тэтгэлэгт хөтөлбөрт сургах боломжийг хэлэлцсэн юм.

Энэ хүрээнд Нанжин хотын Аудитын Их сургуулийн зүгээс Хятадын Засгийн газрын тэтгэлгээр магистрын болон богино хугацааны сургалтад албан хаагчдыг хамруулах боломжтой танилцуулж, хамтын ажиллагаагаа үр дүнд хүргэнэ гэдгийг илэрхийллээ.

БНХАУ-ын Нанжин хотын Аудитын Их сургууль нь (南京审计大学 Nanjing Audit University, NAU) нь аудит болон санхүү-эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн Хятадын их сургууль бөгөөд аудитын салбарт өндөр нэр хүндтэй, олон улсын аудитын мэргэжилтэн бэлтгэдэг чухал сургуулиудын нэг юм. Уг сургууль нь 1983 онд байгуулагдсан, 19000 гаруй оюутантай, “Аудит” гэсэн нэртэй Хятадын цорын ганц их сургууль юм. 2016 оноос хойш хэрэгжиж байгаа хөтөлбөрийн хүрээнд Хятадын Засгийн газрын тэтгэлгээр Монгол Улсаас 17 оюутан суралцаж төгссөн байна.

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *