Байгууллагын дүрэм

2019 оны 05-р сарын 03

 

Нийслэлийн Засаг даргын 2019 оны

04 дүгээр сарын 22-ны өдрийн

А/349 захирамжийн хавсралт

НИЙСЛЭЛИЙН ДОТООД АУДИТЫН

ГАЗРЫН ДҮРЭМ

Нэг.  Нийтлэг үндэслэл

1.1.    Дотоод аудитын газар /цаашид "Газар" гэх/ нь Засгийн газрын болон Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн зорилтуудыг хэрэгжүүлэх, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн хамрах хүрээний байгууллагуудын эрсдлийн удирдлага, засаглал, дотоод хяналт үйл явцыг үнэлэх, зөвлөмж өгөх, үйл ажиллагааг нь сайжруулахад дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэг бүхий Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг мөн

1.2.     Газар нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн газарны тухай хууль, Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор баталсан Дотоод аудитын дүрэм, Сангийн сайдын 2016 оны 107 дугаар тушаалаар баталсан “Санхүүгийн хяналт шалгалтын стандарт”, Дотоод аудитын мэргэжлийн практикийн олон улсын стандарт болон холбогдох бусал хууль тогтоомж, Засгийн газар, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргын шийдвэр болон энэ дүрмийг мөрдөж ажиллана.

1.3.     Газар нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-д заасан төрийн албаны  зарчим, мөн төрийн үйлчилгээг чанартай, шуурхай, хүртээмжтэй хүргэх, ил тод, мэргэшсэн байх, бие даасан , хараат бус байх, аудит, хяналт шалгалтын дүнг бодитой, үнэн зөв, шударгаар тайлагнах, үйл ажиллагааныхаа төлөө хариуцлага хүлээх зарчмыг баримтална.

1.4.     Газар үйл ажиллагааныхаа явц, үр дүнг Нийслэлийн Засаг дарга болон түүний дэргэдэхДотоод аудитын хороонд тайлагнана.

1.5.     Газар зохих журмын дагуу үйлдсэн тамга, тэмдэг, газрын бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэх бөгөөд Төрийн сан банканд харилцах данстай байна.

Хоёр. Газрын удирдлага, зохион байгуулалт, бүтэц

2.1.     Газрын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг Нийслэлийн Засаг дарга тогтооно.

2.2.     Газрын даргыг нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлнө.

2.3.     Газар нь эрсдэлд суурилсан дотоод аудитын дунд хугацааны стратеги төлөвлөгөө болон гүйцэтгэлийн төлөвлөгөөтэй ажиллах бөгөөд  гүйцэтгэлийн төлөвлөгөөг Нийслэлийн Засаг даргаар хянуулж, түүний саналыг тусган газрын дарга батална. Гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг улирлаар дүгнүүлнэ.

2.4.     Газрын дарга дэргэдээ байгууллагын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар түүнд зөвлөх, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий Зөвлөл байгуулан ажиллуулж болно. Зөвлөлийн бүрэлдэхүүн,  ажиллах журмыг Газрын дарга батална.

2.5.     Газрын дарга дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

2.5.1.    батлагдсан бүтэц, орон тооны хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хүний нөөцийн удирдлагын тасгийн бодлого, журмын дагуу ажилтануудыг томилох, чөлөөлөх, сахилгын  шийтгэл ногдуулах, албан тушаалын тодорхойлолтыг боловсруулах батлах.

2.5.2.    холбогдох хууль тогтоомжийн дагуу байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмыг баталж, батлагдсан  төсөвт багтаан ажилтнуудын цалингийн шатлал, шагнал, урамшууллын хэмжээг тогтоох;

2.5.3.    хууль тогтоомжоор олгосон эрх хэмжээний хүрээнд тушаал гаргах, заавар, дүрэм, журам баталж мөрдүүлэх;

2.5.4.    хэлтсийн дарга, албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд нь тухай бүр хяналт тавьж ажиллах.

2.5.5.    байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг боловсронгуй болгох арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

2.5.6.    байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах, ажлын байрны чиг үүргийн давхардал, хийдлийг арилгаж, уялдаа холбоог сайжруулах, боловсронгуй болгох арга хэмжээ авч, шаардлагатай тохиолдолд холбогдох саналаа Нийслэлийн Засаг дарга болон  холбогдох бусад байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;

2.5.7.    сахилга дэг журам, төрийн газарн хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулах, ажилтнуудын ажлын цаг ашиглалт, эд хөрөнгийн ашиглалт, зарцуулалт, хамгаалалтад хяналт тавьж, зөрчил, дутагдлыг арилгах, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж ажиллах;

2.5.8.    ажилтнуудын нийгмийн асуудлыг хууль тогтоомж, Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын дагуу шийдвэрлэх, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх арга хэмжээ авч ажиллах;

2.5.9.    нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн хамрах хүрээний байгууллагуудын үйл ажиллагаанд хийсэн аудитын нэгдсэн тайланг нийслэлийн Дотоод аудитын хороогоор хэлэлцүүлэн нийслэлийн Засаг даргад тайлагнах;

2.5.10. нийслэлийн Засаг даргаас шилжүүлсэн бусад чиг үүргийг хэрэгжүүлэх;

2.5.11. хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.

Гурав. Газрын үндсэн чиг үүрэг

3.1.     Газар нь төсвийн ерөнхийлөн захирагчийн хамрах хүрээний байгууллагуудын  үйл ажиллагаанд эрсдэлд суурилсан гүйцэтгэл, хууль тогтоомжийн нийцэл, санхүүгийн аудитыг холбогдох стандартын дагуу   дараахь чиглэлээр хийж гүйцэтгэнэ:

3.1.1.   тухайн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой хууль, тогтоомж, дүрэм, журам, стандарт, гэрээний хэрэгжилт;

3.1.2.   төрийн болон орон нутгийн өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, бүртгэл, ашиглалт, зарцуулалтын байдал;

3.1.3.   төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж байгаа хөтөлбөр, төсөл, арга хэмжээний зарцуулалт, үр ашигтай байдал;

3.1.4.   санхүү, төсөв, төрийн сангийн үйл ажиллагааны үнэн зөв, найдвартай байдал;

3.1.5.   тухайн байгууллагын орлогын төлөвлөлт, төвлөрүүлэлт, хөрөнгийн зарцуулалт, өглөг авлагын байдал;

3.1.6.   эрсдэлийн удирдлагын тогтолцооны үр ашигтай байдал;

3.1.7.   тухайн байгууллагын дотоод хяналт, засаглалын байдал болон  стратеги төлөвлөгөө, үйл ажиллагааны төлөвлөгөө, үр дүнгийн гэрээ болон контрактын хэрэгжилт;

3.1.8.   төсвийн ерөнхийлөн захирагч, нийслэлийн Дотоод аудитын хорооны  шийдвэрээр тусгайлан явуулах сэдвийн болон захиалгат бусад аудит.

3.2.   Санхүүгийн хяналт шалгалтыг нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн хамрах хүрээний байгууллагуудад  дараах чиглэлээр хийнэ:

3.2.1.    төсөв, санхүүгийн холбогдолтой хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон тэдгээрийг үндэслэн эрх бүхий байгууллагаас гаргасан дүрэм, журам, заавар, стандарт, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих;

3.2.2.    төсвийн буюу төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагын өглөг, авлагын байдалд хяналт тавих;

3.2.3.    тухайн байгууллагын орлогын төлөвлөлт, төвлөрүүлэлт, хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих;

3.2.4.    төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилт, зарцуулалтад хяналт  тавих;

3.2.5.    анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, санхүүгийн тайланд хяналт тавих;

3.2.6.    Засгийн газрын тусгай сан, төсвөөс олгосон санхүүгийн тусламж, дэмжлэг, эргэж төлөгдөх нөхцөлөөр ашиглуулж байгаа төсвийн хөрөнгө, олон улсын байгууллага, гадаад орон, иргэдээс олгосон зээл, хандив, тусламж, тэдгээртэй адилтгах хөрөнгийн ашиглалт, зарцуулалтад хяналт тавих.

3.3.   Газар нь дээрх төлөвлөгөөт болон захиалгат аудит, хяналт шалгалтад  хамрагдсан байгууллагаадын үй ажиллагаанд холбогдох үнэлэлт, мэргэжил арга зүйн зөвлөмж өгөх бөгөөд шаардлагатай тохиолдолд санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн акт, албан шаардлага өгч ажиллана.

3.4.   Газар нь дотоод аудит, хяналт шалгалтын зөвлөмжийн гүйцэтгэлийн  үр дүн, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагийн тавьсан акт, албан шаардлагын мөрөөр авах арга хэмжээний хэрэгжилтэд улирал тутам хяналт тавьж  үр дүнг тооцон ажиллана.

3.5.   Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн актаар тогтоосон торгуулийн орлогыг Газарны Төрийн сан банкан дахь нийслэлийн орлого төвлөрүүлэх дансанд төсвийн орлого болгон төвлөрүүлнэ.

3.6.   Газар нь иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас тухайн байгууллагад учирсан хохирлыг гэм буруутай нь шүүхээс шүүхээс тогтоогдсон албан тушаалтнаар буцаан төлүүлэх ажлыг зохион байгуулна.

3.7. Газар нь шаардлагатай тохиолдолд тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бусад төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудад холбогдох дотоод аудитын нэгжтэй зөвшилцсөний үндсэн дээр зохих журмын дагуу хяналт тавина.

3.8.   Газар нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бүтцийн нэгж, Засаг даргын холбогдох бусад байгууллагад эрхэлсэн асуудлын чиглэлээр мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлнэ.

3.9.   Газар нь нийслэлийн төрийн захиргааны байгууллагынхаа хувьд үйл ажиллагааны тайлан, холбогдох мэдээллийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт гаргаж өгнө.

3.10.  Газар нь төрийн аудитын байгууллага болон дүүргүүдийн Дотоод аудитын нэгжүүдтэй харилцан мэдээлэл солилцох, хамтарсан аудит, хяналт шалгалт, сургалт зохион байгуулах, мэргэжлийн арга зүй, туршлага харилцан хуваалцах зэргээр хамтарч ажиллана.

3.11. Газар нь гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллагатай хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллана.

3.12. Дотоод аудитын үйл ажиллагаа нь бие даасан, хараат бус байдлаар явагдах тул дотоод аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд нөлөөлсөн аливаа дарамт, шахалт, зохимжгүй нөлөөллийн талаар төсвийн ерөнхийлөн захирагчид тухай бүр мэдээлнэ.Төсви  йн ерөнхийлөн захирагч нь дотоод аудитын үйл ажиллагааг бие даасан, хараат бусаар, аливаа нөлөөлөлд автахгүйгээр гүйцэтгэхэд бүх талын дэмжлэг үзүүлнэ.

Дөрөв. Хариуцлага

4.1.   Энэ дүрмийг зөрчсөн буруутай этгээдэд Төрийн албаны тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Тав. Бусад зүйл

5.1.   Энэхүү дүрмийг зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ.

5.2.   Энэ дүрэмд нийслэлийн Засаг даргын захирамжаар нэмэлт, өөрчлөлт оруулж болох бөгөөд өөрчлөлтийг тухай бүр улсын бүртгэлд бүртгүүлнэ.