Байгууллагын тухай

2019 оны 05-р сарын 03

    Нийслэлийн Дотоод аудитын газар нь Нийслэлийн  Засаг  даргын  2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/156 дугаар захирамжаар анх байгуулагдаж, 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/349 дүгээр захирамжаар дүрмийг шинэчлэн баталсан. Дүрмийн 1.1-т “Дотоод аудитын газар /цаашид "Газар" гэх/ нь Засгийн газрын болон Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн зорилтуудыг хэрэгжүүлэх, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн хамрах хүрээний байгууллагуудын эрсдлийн удирдлага, засаглал, дотоод хяналт үйл явцыг үнэлэх, зөвлөмж өгөх, үйл ажиллагааг нь сайжруулахад дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэг бүхий Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг мөн.” хэмээн тус газрын үйл ажиллагааны чиг үүргийг тодорхойлжээ.

Албаны алсын хараа

Дотоод аудитын мэргэжлийн практикийн олон улсын стандартуудын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж, гадны сайн туршлагыг нэвтрүүлсэн, Монгол улсын болон бүс нутгийн хэмжээнд улсын салбарын дотоод аудитын үйл ажиллагааны үр дүн, чанараар тэргүүлэгч хамт олон болох.

 

Эрхэм зорилго

Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн хамрах хүрээний байгууллагуудын эрсдэлийн удирдлага, засаглал, дотоод хяналтын үйл явцыг хараат бус, бие даасан байдлаар үнэлэн дүгнэлт, зөвлөмж өгч, үйл ажиллагааг сайжруулахад оршино.

Аудитын төрөл

Нийслэлийн Дотоод аудитын газар нь дараах аудитын төрлүүдийг гүйцэтгэнэ. Үүнд:

1.Санхүүгийн аудит, хяналт шалгалт
2. Гүйцэтгэлийн аудит
3. Нийцлийн аудит
4. Бусад

Хамрах хүрээ

Аудитын хамрах хүрээг нийслэлийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн хамрах хүрээний байгууллагууд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засаг, нийгмийн зорилтуудаар тодорхойлно.

Аудитын хамрах хүрээг төлөвлөгөөт, ТЕЗ-ын зүгээс захиалах гэсэн 2 үндсэн хэсэгт хуваана.

Төлөвлөгөөт

1. НЗД-ын хэрэгжүүлэг агентлагууд
2. ОНӨТҮГ-ууд
3. ОНӨААТҮГ-ууд
4. Харьяа байгууллагууд

ТЕЗ-ын зүгээс захиалах

1. Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн Эдийн засаг, нийгмийн зорилтуудын хүрээнд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт
2. Тусгай зориулалтын сан
3. Тодорхой байгууллагын тодорхой үйл ажиллагаа
4. Бусад