Албаны дүрэм

Нийслэлийн Засаг даргын 2016 оны

11 дүгээр сарын 22-ны өдрийн

А/830 захирамжийн хавсралт

НИЙСЛЭЛИЙН ДОТООД АУДИТЫН

АЛБАНЫ ДҮРЭМ

Нэг.  Нийтлэг үндэслэл

1.1.     Нийслэлийн Дотоод аудитын алба (цаашид “Алба” гэх) нь Засгийн газрын болон Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн зорилтуудыг хэрэгжүүлэх, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн хамрах хүрээний байгууллагуудын эрсдэлийн удирдлага, засаглал, дотоод хяналт, санхүүгийн үйл явцыг үнэлж, дүгнэлт, зөвлөмж өгөх, үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэг бүхий Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг мөн.

1.2.     Алба нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор баталсан Дотоод аудитын дүрэм, Сангийн сайдын 2016 оны 107 дугаар тушаалаар баталсан “Санхүүгийн хяналт шалгалтын стандарт”, Дотоод аудитын мэргэжлийн практикийн олон улсын стандарт болон холбогдох бусал хууль тогтоомж, Засгийн газар, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргын шийдвэр, энэ дүрмийг мөрдөж ажиллана.

1.3.     Алба нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 4.2-т заасан төрийн албанд баримтлах үндсэн зарчмуудаас гадна төрийн үйлчилгээг чанартай, шуурхай, хүртээмжтэй хүргэх, ил тод, мэргэшсэн байх, бие даасан , хараат бус байх, аудит, хяналт шалгалтын дүнг бодитой, үнэн зөв, шударгаар тайлагнах, үйл ажиллагааныхаа төлөө хариуцлага хүлээх зарчмыг баримтална.

1.4.     Алба үйл ажиллагааныхаа явц, үр дүнг Нийслэлийн Засаг даргын өмнө харицуаж, тайлагнана.

1.5.     Алба зохих журмын дагуу үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэх бөгөөд Төрийн сан банканд харилцах данстай байна.

Хоёр. Албаны удирдлага, зохион байгуулалт, бүтэц

2.1.     Албаны зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг Нийслэлийн Засаг дарга тогтооно.

2.2.     Албаны даргыг нийслэлийн Засаг дарга, орлогч даргыг нийслэлийн Засаг даргатай зөвшилцсөний үндсэн дээр Албаны дарга тус тус томилж, чөлөөлнө.

2.3.     Алба нь эрсдэлд суурилсан дотоод аудитын дунд хугацааны буюу 3 жилийн үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө болон тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөтэй ажиллах бөгөөд төлөвлөгөөг нийслэлийн Засаг даргаар батлуулна.

2.4.     Албаны дарга дэргэдээ байгууллагын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар түүнд зөвлөх, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий Зөвлөл байгуулан ажиллуулж болно. Зөвлөлийн бүрэлдэхүүн,  ажиллах журмыг Албаны дарга батална.

2.5.     Албаны дарга дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

2.5.1.    батлагдсан бүтэц, орон тоо болон хуулиар тогтоосон эрх, хэмжээний хүрээнд ажилтнуудыг томилох, чөлөөлөх, сахилгын шийтгэл ногдуулах;

2.5.2.    холбогдох хууль тогтоомжийн дагуу байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмыг баталж, ажилтнуудын цалин, урамшууллын хэмжээг тогтоох;

2.5.3.    хууль тогтоомжоор олгосон эрх хэмжээний хүрээнд тушаал гаргах, заавар, дүрэм, журам баталж мөрдүүлэх;

2.5.4.    орлогч дарга, хэлтсийн дарга, албан хаагчидтай үр дүнгийн гэрээ байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллах;

2.5.5.    байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг боловсронгуй болгох арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

2.5.6.    байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах, ажлын байрны чиг үүргийн давхардал, хийдлийг арилгаж, уялдаа холбоог сайжруулах, боловсронгуй болгох арга хэмжээ авч, шаардлагатай тохиолдолд холбогдох саналаа Нийслэлийн Засаг дарга, холбогдох бусад байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;

2.5.7.    сахилга дэг журам, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулах, ажилтнуудын ажлын цаг ашиглалт, эд хөрөнгийн ашиглалт, зарцуулалт, хамгаалалтад хяналт тавьж, зөрчил, дутагдлыг арилгах, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж ажиллах;

2.5.8.    ажилтнуудын нийгмийн асуудлыг хууль тогтоомж, Хөдөлмөрийн дотоод журмын дагуу шийдвэрлэх, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх арга хэмжээ авч ажиллах;

2.5.9.    нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн хамрах хүрээний байгууллагуудын үйл ажиллагаанд хийсэн аудитын нэгдсэн тайланг нийслэлийн Дотоод аудитын хороогоор хэлэлцүүлэн нийслэлийн Засаг даргад тайлагнах;

2.5.10. нийслэлийн Засаг даргаас шилжүүлсэн бусад чиг үүргийг хэрэгжүүлэх;

2.5.11. хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.

2.6.       Албаны орлогч дарга дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

2.6.1.    нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн хамрах хүрээний байгууллагуудад хийгдэж буй аудитын багийн ажлын явцтай танилцаж,  үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангаж ажиллах;

2.6.2.    эрсдэлд суурилсан дотоод аудитын дунд хугацааны буюу 3 жилийн үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө болон тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах;

2.6.3.    нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн хамрах хүрээний байгууллагуудын үйл ажиллагаанд хийх аудитын удирдамж болон аудитын нэгдсэн тайланг хянаж, албаны даргад танилцуулж, шийдвэрлүүлэх;

2.6.4.    иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас тухайн байгууллагад учирсан хохирлыг гэм буруутай нь шүүхээс тогтоогдсон албан тушаалтнаар буцаан төлүүлэх асуудлыг зохион байгуулах;

2.6.5.    нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагч болон Дотоод аудитын хороог шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллээр хангаж ажиллах.

2.7.       Албаны дарга, орлогч дарга, албан хаагчид Улсын Их Хурал, Засгийн газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, төрийн захиргааны төв болонтөрийн захиргааны байгууллагатай Нийслэлийн Засаг даргаар дамжуулан харилцана.

2.8.       Албаны дарга хууль тогтоомж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, Засаг даргын захирамж, үүрэг даалгавар, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийн явц, үр дүнг тогтоосон хугацаанд Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт тайлагнаж ажиллана.

Гурав. Албаны үндсэн чиг үүрэг

3.1.     Алба нь гүйцэтгэл, нийцэл, санхүүгийн аудит, санхүүгийн хяналт шалгалтыг нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн хамрах хүрээний байгууллагуудад дараахь чиглэлээр хийнэ:

3.1.1.   тухайн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой хууль, тогтоомж, дүрэм, журам, стандарт, гэрээний хэрэгжилт;

3.1.2.   төрийн болон орон нутгийн өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, бүртгэл, ашиглалт, зарцуулалтын байдал;

3.1.3.   төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж байгаа хөтөлбөр, төсөл, арга хэмжээний зарцуулалт, үр ашиг;

3.1.4.   санхүү, төсөв, төрийн сангийн үйл ажиллагааны үнэн зөв, найдвартай байдал;

3.1.5.   тухайн байгууллагын орлогын төлөвлөлт, төвлөрүүлэлт, хөрөнгийн зарцуулалт, өглөг авлагын байдал;

3.1.6.   эрсдэлийн удирдлагын тогтолцооны үр ашигтай байдал;

3.1.7.   тухайн байгууллагын дотоод хяналт, засаглалын байдал болон  стратеги төлөвлөгөө, үйл ажиллагааны төлөвлөгөө, үр дүнгийн гэрээ болон контрактын хэрэгжилт;

3.1.8.   төсвийн ерөнхийлөн захирагч, нийслэлийн Дотоод аудитын хорооны  шийдвэрээр тусгайлан явуулах сэдвийн болон захиалгат бусад аудит.

3.2.   Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн эрхтэй дотоод аудитор энэ дүрмийн 3.1-т зааснаас гадна дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

3.2.1.    төсөв, санхүүгийн холбогдолтой хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон тэдгээрийг үндэслэн эрх бүхий байгууллагаас гаргасан дүрэм, журам, заавар, стандарт, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих;

3.2.2.    төсвийн буюу төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагын өглөг, авлагын байдалд хяналт тавих;

3.2.3.    тухайн байгууллагын орлогын төлөвлөлт, төвлөрүүлэлт, хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих;

3.2.4.    төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилт, зарцуулалтад хяналт  тавих;

3.2.5.    анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, санхүүгийн тайланд хяналт тавих;

3.2.6.    Засгийн газрын тусгай сан, төсвөөс олгосон санхүүгийн тусламж, дэмжлэг, эргэж төлөгдөх нөхцөлөөр ашиглуулж байгаа төсвийн хөрөнгө, олон улсын байгууллага, гадаад орон, иргэдээс олгосон зээл, хандив, тусламж, тэдгээртэй адилтгах хөрөнгийн ашиглалт, зарцуулалтад хяналт тавих.

3.3.   Алба нь төсвийн ерөнхийлөн захирагч, нийслэлийн Дотоод аудитын хорооны  шийдвэрээр тусгайлан явуулах сэдвийн болон захиалгат, төлөвлөгөөт аудит, хяналт шалгалтыг хийж үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж, акт, албан шаардлага өгч ажиллана.

3.4.   Алба нь дотоод аудитын зөвлөмж, акт, албан шаардлага, түүний мөрөөр авах арга хэмжээний хэрэгжилтэд улирал тутам хяналт тавьж ажиллана.

3.5.   Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн актаар тогтоосон торгуулийн орлогыг Албаны Төрийн сан банкан дахь нийслэлийн орлого төвлөрүүлэх дансанд төсвийн орлого болгож төвлөрүүлнэ.

3.6.   Алба нь шаардлагатай тохиолдолд тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бусад төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудад холбогдох дотоод аудитын нэгжтэй нь  зөвшилцсөний үндсэн дээр зохих журмын дагуу хяналт тавина.

3.7.   Алба нь дүүргүүдийн Дотоод аудитын албадын аудитын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн зөвлөмж өгч ажиллана.

3.8.   Алба нь иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас тухайн байгууллагад учирсан хохирлыг гэм буруутай нь шүүхээс тогтоогдсон албан тушаалтнаар буцаан төлүүлэх ажлыг зохион байгуулна.

3.9.   Алба нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бүтцийн нэгж, Засаг даргын холбогдох бусад байгууллагад эрхэлсэн асуудлын чиглэлээр мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж, холбогдох мэдээллийг шуурхай гаргаж өгнө.

3.10.   Алба нь гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллагатай хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллана.

Дөрөв. Дотоод аудиторын эрх, үүрэг

4.1.   Дотоод аудитор  дараахь эрхтэй:

4.1.1     Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болон харьяа байгууллагад дотоод аудит хийхдээ дотоод нэгж, хэсгүүдийн үйл ажиллагаатай танилцах, холбогдох удирдлага, албан хаагчтай уулзалт, ярилцлага хийх, аудитад хамаарах бичмэл болон цахим баримт, мэдээлэл, материалыг гаргуулан авах, тухайн байгууллага, нэгжийн албан хаагчаас туслалцаа авах, шаардлагатай байр, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг ашиглах, хяналт шалгалт хийх обьектод саадгүй нэвтрэх;

4.1.2     дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтаар санхүүгийн тайлан, баримтыг баталгаажуулахтай холбоотой баримт бичигтэй танилцах хүсэлтээ холбогдох банк, санхүүгийн байгууллагад тавих;

4.1.3     дотоод аудитаар өгсөн зөвлөмж,  санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн акт, албан шаардлагыг хэрэгжүүлэхийг тухайн байгууллагаас шаардаж, биелэлтийг хангуулах;

4.1.4     дотоод аудитаар өгсөн зөвлөмж, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн акт, албан шаардлагыг хангалтгүй биелүүлсэн албан тушаалтанд хариуцлага тооцох саналыг томилсон эрх бүхий этгээдэд хүргүүлэх;

4.1.5     хууль тогтоомжид заасан бусад.

4.2.   Дотоод аудиторууд дараахь үүрэгтэй:

4.2.1     үйл ажиллагаандаа хууль тогтоомж, төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм, олон улсын дотоод аудиторуудын институтээс гаргасан дотоод аудиторын ёс зүйн дүрмийг чанд баримтлах;

4.2.2     дотоод аудитын явцад танилцсан, олж авсан бүх баримт бичиг, мэдээллийг зөвхөн дотоод аудитын үйл ажиллагаанд ашиглах;

4.2.3     аливаа асуудалд шударга бодит байдалд нийцүүлэн хандаж, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллах;

4.2.4     санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн эрхтэй дотоод аудитор нь санхүүгийн хяналт шалгалтын стандартыг мөрдөн ажиллах, улсын байцаагчийн акт болон албан шаардлагыг зохих журмын дагуу үйлдэж, шалгуулсан этгээдэд танилцуулж, холбогдох баримт бичигт гарын үсэг зуруулах;

4.2.5     хууль тогтоомжид заасан бусад.

4.3.   Дотоод аудитын үйл ажиллагаа нь бие даасан, хараат бус байдлаар явагдана.

4.4.   Дотоод аудитор нь дотоод аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд нөлөөлсөн аливаа дарамт, шахалт, зохимжгүй нөлөөллийн талаар төсвийн ерөнхийлөн захирагчид тухай бүр мэдээлнэ.

4.5.   Төсвийн ерөнхийлөн захирагч нь дотоод аудитор чиг үүргээ хараат бусаар, аливаа нөлөөлөлд автахгүйгээр гүйцэтгэхэд бүх талын дэмжлэг үзүүлнэ.

Тав. Хариуцлага

5.1.   Энэ дүрмийг зөрчсөн буруутай этгээдэд Төрийн албаны тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Зургаа. Бусад зүйл

6.1.   Энэхүү дүрмийг зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ.

6.2.   Энэ дүрэмд нийслэлийн Засаг даргын захирамжаар нэмэлт, өөрчлөлт оруулж болох бөгөөд өөрёлөлтийг тухай бүр улсын бүртгэлд бүртгүүлнэ.

—о0о—

Comments are closed.

© 2017 он. Нийслэлийн Засаг Даргын Хэрэгжүүлэгч Агентлаг
Дотоод Аудитын Алба