МОНГОЛ УЛСЫН МЭРГЭШСЭН НЯГТЛАН БОДОГЧДЫН ЁС ЗҮЙН ДҮРЭМ

Нэгдүгээр зүйл. Нийтлэг үндэслэл

1.1 Монгол улсын Аудитын тухай хуулийн 15 дугаар зүйл болон бусад хууль, тогтоомж мөн Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын Институтийн дүрмийн 3 дугаар зүйлийн 1 дүгээр хэсэгт заасны дагуу Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогчдын ёс зүйн харилцааг зохицуулахад энэхүү дүрмийн зорилго оршино.

1.2 Мэргэшсэн нягтлан бодогчдын ёс зүйн дүрмийг (цаашид ёс зүйн дүрэм гэх) Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх мэргэшсэн нягтлан бодогч дагаж мөрдөнө.

1.3. Мэргэшсэн нягтлан бодогч нь ОУНБХ-ноос гаргасан мэргэшсэн нягтлан бодогчдын ёс зүйн дүрмийн агуулга зорилгыг ямагт баримталж байхын хамт хэрэв энэ дүрмийн шаардлагууд нь олон улсын холбооныхоос зөрүүтэй байвал энэ дүрмийн шаардлагыг баримтална.

1.4. Тусгайлан хязгаарлалт заагаагүй бол энэ дүрмийн зорилго, үндсэн шаардлагууд нь бүх мэргэшсэн нягтлан бодогч нарт адил хүчин төгөлдөр байна.

Хоёрдугаар зүйл. Мэргэшсэн нягтлан бодогчдын мэргэжлийн үйлчилгээний чанар, ёс зүйд хамаарах асуудлууд

2.1. Мэргэшсэн нягтлан бодогчдын үйлчилгээний чанарын баталгааг хангах гол нөхцөл нь дараах шаардлагыг хангасан байх явдал мөн. Энэ нь:

• Боловсрол – суурь боловсролын стандарт (үндсэн мэдлэг)-ыг хангасан,

• Шалгалт – мэргэжлийн мэдлэгийн сорилтод тэнцсэн,

• Мэргэжлээрээ ажиллаж туршлага эзэмшсэн байх зэрэг болно.

2.2. Мэргэжлийн эдгээр шаардлагыг хангасан байх үүргийг мэргэшсэн нягтлан бодогч бүр хүлээх ёстой боловч түүний ажиллаж байгаа байгууллага нь тухайн мэргэжилтнээс энэ үүргээ биелүүлэхэд чиглэсэн бодлого хэрэгжүүлбэл зохино.

2.3. Нийтэд мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг мэргэшсэн нягтлан бодогчдын үйл ажиллагаанд чанарын хяналтын тохиромжтой бодлого, горимыг хэрэгжүүлэх үүргийг түүний ажилладаг мэргэжлийн үйлчилгээ эрхэлдэг байгууллага хүлээнэ. Энэ үүргийн хэрэгжилтийг Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт (ММНБИ) хянана.

2.4. Аудитын байгууллага нийтэд мэргэжлийн үйлчилгээ үзүүлэхдээ тухайн үйлчилгээний чанарын стандартыг хангаж чадах түвшинд чанарын хяналтын бодлого горимыг дотооддоо тогтоож, түүнийгээ хэрэгжүүлдэг байхыг шаардана.

2.5. Аудитын болон мэргэжлийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагын үзүүлж байгаа үйлчилгээний чанарын хяналтын бодлого горим нь мэргэжлийн үйлчилгээний цар хүрээ, чанар, түүний газар зүйн тархалт, зохион байгуулалт болон өртөг (үйлчилгээний үнэ хөлс) зэрэг олон хүчин зүйлээс хамааран ажил тус бүрд ялгавартай байвал зохино.

2.6. Мэргэшсэн нягтлан бодогчдын онцлог шинж нь:

• Боловсрол болон сургалтаар олж авсан мэргэжлийн мэдлэг, ур чадварыг бүрэн төгс эзэмшсэн;

• Удирдах байгууллагаас тогтоосон зан байдлын болон үнэт зүйлсийн нийтлэг дэг журам, нэн ялангуяа асуудалд бодитой хандах үзлийг баримталдаг;

• Нийгмийн өмнө хүлээх үүрэг хариуцлагаа ухамсарласан байх явдал болно.

2.7. Мэргэжил болон нийгмийн өмнө хүлээсэн үүрэг зарим тохиолдолд тэдний хувийн сонирхол болон эсвэл ажил олгогчдоо үнэнч байх үүрэгтэй зөрчилдөх явдал гарч болзошгүй ч, нийгмийн өмнө хүлээх үүрэг хариуцлагаа эн тэргүүнд тавих нь энэ мэргэжлийн ялгагдах шинж хэмээн үзвэл зохино.

2.8. Мэргэшсэн нягтлан бодогчийн үүрэг хариуцлага нь дан ганц үйлчлүүлэгч буюу эсвэл ажил олгогчийн хэрэгцээг хангах явдал биш. Харин нийтийн ашиг сонирхолыг хангах явдлаар илүүтэй тодорхойлогдоно.

2.9. Мэргэшсэн нягтлан бодогчид нь гагцхүү олон нийтийн итгэл найдварыг баттай хүлээсэн нөхцөлд л мэргэжлийн энэхүү өвөрмөц үйлчилгээг нийтэд тогтмол үзүүлж, энэ байдлаа хадгалж чадна хэмээн үздэг байх ёстой.

2.10. Мэргэшсэн нягтлан бодогчдын мөрдлөг болгох үндсэн зарчмууд нь шударга ёс, бодит байдал, мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвартай, хянамгай байх, хараат бус байдал, мэдээллийн нууцыг хадгалах, техник, арга зүйн стандартуудыг баримтлах, мэргэжлийн нэр хүндийг дээдлэх зэрэг болно.

2.11. Мэргэшсэн нягтлан бодогч нь ММНБИ-ийн дүрэмд заасан гишүүний эрх үүрэг болон энэхүү дүрмийг зөрчсөн бол мэргэжлийн ёс зүйг зөрчсөн гэж үзнэ.

Гуравдугаар зүйл. Шударга ёс, бодит байдал

3.1. Шударга ёс гэдэг нь мэргэшсэн нягтлан бодогч мэргэжлийн үйлчилгээг үзүүлэхдээ шулуун шударга, үнэнч байхыг хэлнэ.

3.2. Бодит байдал гэдэг нь шударга байхын зэрэгцээ тал тохой татах буюу хор хохирол учруулах, сонирхолын зөрчил, эсвэл бодит байдлыг гажуудуулах, бусдын нөлөөнд автах боломж олгохгүй байх явдал мөн.

3.3. Мэргэшсэн нягтлан бодогч аливаа асуудалд хууль зүйн болон мэргэжлийн байр сууринаас шударга ёсыг баримтлан бодитойгоор хандвал зохино.

3.4. Мэргэшсэн нягтлан бодогч нар янз бүрийн үүрэг, албан тушаалыг гүйцэтгэж болох бөгөөд энэхүү үзүүлж байгаа үйлчилгээ, эрхэлж байгаа ажил үүргээс үл хамааран ямар ч нөхцөлд мэргэжлийн ёс зүйг сахин, шийдвэр гаргахдаа бодит байдлыг эрхэмлэж байвал зохино.

3.5. Мэргэшсэн нягтлан бодогч нь бодит байдлыг алдагдуулах буюу алдагдуулж болзошгүй нөхцөл бүрэлдэж болохыг урьдчилан харж сэргийлэх, тийм сэтгэгдэл төрүүлэхээс зайлсхийх ёстой.

3.6. Мэргэшсэн нягтлан бодогч нь өөрийн бэлтгэсэн тайлан, мэдээлэл, гаргасан дүгнэлтийг засварлах, өөрчлүүлэх талаар санал тавих, тал тохой татах, дарамт шахалт үзүүлэх зэргээр бусдын эрхшээлд оруулж болзошгүй аливаа нөхцөл бүрэлдэхээс урьдчилан сэргийлж зайлхийвэл зохино.

3.7. Мэргэжлийн үйл ажиллагааны стандарттай зөрчилдөх үйлдлийн талаар үйлчлүүлэгч, эсвэл дээд удирдлагын зүгээс мэргэшсэн нягтлан бодогчид дарамт шахалт үзүүлсэн, эсвэл биелүүлэхийг шаардсан үед асуудлыг шийдвэрлүүлэх үүднээс дээд шатны удирдлагад хандана.

3.8. Дээд шатны удирдлагад танилцуулсаны дараа ч ёс зүйд харшлах байдал байсаар байвал тэр байгууллагаас гарах буюу тухайн үйлчилгээг үзүүлэхээс татгалзана.

3.9. Мэргэшсэн нягтлан бодогч нь мэргэжлийн үйлчилгээнд хамтран болон туслан оролцож байгаа ажилтнаар бодит байдлын зарчмыг мөрдүүлэх үүрэгтэй.

3.10. Мэргэшсэн нягтлан бодогч нь мэргэжлийн шийдэлд мэдэгдэхүйц, зохисгүй нөлөө үзүүлнэ гэж үзэж болохоор бэлэг авах, эвсэл зугаа цэнгээний саналыг хүлээн авах буюу санал болгох ёсгүй.

Дөрөвдүгээр зүйл. Мэргэжлийн мэдлэг, ур чадвар, хянамгай байдал

4.1. Мэргэшсэн нягтлан бодогч нь мэргэжлийн үйлчилгээг буюу практик үйл ажиллагааг ур чадвар, хичээл зүтгэл гарган гүйцэтгэж, хууль тогтоомж болон арга техникийн сүүлийн үеийн ололт амжилтанд тулгуурласан чадварлаг үйлчилгээг үйлчлүүлэгч, ажил олгогчдод үзүүлэхэд шаардагдах түвшний мэргэжлийн мэдлэг, ур чадварыг эзэмшсэн байхаас гадна тэр мэдлэг чадвараа байнга хөгжүүлэх үүрэг хүлээнэ.

4.2. Мэргэшсэн нягтлан бодогч өөрт байхгүй нарийн мэдлэг буюу туршлагыг байгаа мэт танилцуулж болохгүй.

4.3 Мэргэшсэн нягтлан бодогч нь тухайн үйлчилгээг чанартай гүйцэтгэх мэргэжлийн шаардлага хангасан нөхцөлд гэрээт захиалгыг хүлээн авна.

4.4 Аль нэгэн үйлчилгээг үзүүлэхэд мэдлэг, дадлага дутагдалтай гэж үзвэл тухайн үйлчилгээнээс татгалзвал зохино.

4.5 Мэргэшсэн нягтлан бодогч үйлчилгээ үзүүлэхдээ хуульч, инженер гэх мэт нарийн мэргэжлийн мэргэжилтэнг урьж ажиллуулж болно.

4.6 Мэргэшсэн нягтлан бодогч нь нягтлан бодох бүртгэл, аудит, эрх зүйн чиглэлээр гарч байгаа шинэ мэдээлэлтэй байнга танилцаж, мэдлэг чадвараа дээшлүүлж байх нь түүний ёс зүйн шаардлага мөн.

4.7. ММНБИ-ээс мэргэжлийн тасралтгүй боловсролын хөтөлбөрийн дагуу зохион байгуулж байгаа ээлжит сургалтаас хүндэтгэх шалтгаангүйгээр зайлсхийхийг ёс зүйн зөрчил гэж үзнэ.
4.8 Аудитын үйл ажиллагаа явуулдаг мэргэшсэн нягтлан бодогч нь гүйцэтгэсэн ажлаа бусдаар хянуулах, хэлэлцүүлэх гэх мэт дотоод хяналтад орж, үйл ажиллагаандаа үнэлэлт, дүгнэлт гаргуулж ажиллана.

4.9 Аудитын үйл ажиллагаа явуулж байгаа мэргэшсэн нягтлан бодогч нь ажилдаа хариуцлагатай, няхуур хандаж шалгаж байгаа мэдээлэлд ямар нэг алдаа мадагтай зүйл байж болзошгүй гэсэн мэргэжлийн хянамгай байх үзлийн үүднээс ажлаа төлөвлөж гүйцэтгэнэ.

Тавдугаар зүйл. Хараат бус байдал

5.1. Мэргэшсэн нягтлан бодогчийн үйл ажиллагаа нь бие даасан, хараат бус байна.

5.2. Хараат бус байна гэдэг нь үйлчлүүлэгчээсээ гадаад нөлөөллийн болон сэтгэл зүйн хувьд ангид байх асуудлыг ойлгоно. Гэхдээ үүнийг нийгмийн аливаа гишүүн бусадтай хэлхээ холбоотой байдагтай холбон ойлгож болохгүй.

5.3. Хараат бус байдлыг дараах хоёр хүрээнд авч үзнэ.

(а) Сэтгэл зүйн хараат бус байдал:

Энэ нь мэргэшсэн нягтлан бодогч мэргэжлийн аливаа үйл ажиллагаа явуулахдаа шударга, бодитойгоор хандаж, мэргэжлийн хувьд холбогдох мэдээлэл нь үнэн зөв байна гэдэгт итгэх үзлийн үүднээс хандах боломжийг өөртөө бий болгож, мэргэжлийн шийдлийн үнэ цэнийг алдагдуулахад хүргэх аливаа нөлөөнд автахгүй байх явдал мөн.

(б) Гадаад нөлөөллийн хараат бус байдал:

Энэ нь мэргэжлийн үйл ажиллагаанд ашиглаж болох холбогдох бүх мэдээллийг олж авах болон хууль эрх зүйн хүрээнд чөлөөтэй ажиллах боломжоор хангагдсан, үйлчлүүлэгчээс захиргааны болон санхүүгийн хувьд хараат бус, мэргэжлийн хувьд мэдээллийн үнэн зөвийн баталгаажуулалтыг хэрэгжүүлэх боломжтой байж, мэргэжлийн шийдлийн үнэ цэнийг алдагдуулахад хүргэж болох аливаа нөлөөнд автахгүй байх явдал юм.

5.4. Нийтэд үйлчилдэг аудитын байгууллага, мэргэшсэн нягтлан бодогчид хараат бус байдлыг алдагдуулах, түүнд сөрөг нөлөө үзүүлэх нөхцөл байдал тус бүрийг тодорхойлж, түүнийг арилгахын тулд авбал зохих арга хэмжээнүүд буюу хүлээн зөвшөөрөгдсөн хамгаалалтын арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Мэргэшсэн нягтлан бодогч нь нийтийн ашиг сонирхлын үүднээс хараат бус байдлыг алдагдуулах нөхцөл байгаа эсэх талаар үнэлгээ өгч, хамгаалалт хэрэглэх замаар сөрөг нөлөөг арилгах, эсвэл хүлээн зөвшөөрөгдөх боломжит хэмжээ хүртэл багасгах үүрэгтэй. Мөн аудитын байгууллага, баталгаажуулах ажлын багийн гишүүд болон үйлчлүүлэгчийн хоорондын хэлхээ холбоог судалж үнэлэхийн зэрэгцээ тус багаас гадна орших хувь хүмүүс болон үйлчлүүлэгчийн хоорондын хэлхээ холбоо хараат бус байдалд сөрөг нөлөө учруулж болох эсэхийг тооцоолж харгалзвал зохино.

5.5. Хараат бус байдлыг алдагдуулах, түүнд сөрөг нөлөө үзүүлэх нөхцөл байдлын үнэлгээний зорилго нь:

(а) Хараат бус байдалд учирч болох сөрөг нөлөөг тогтоох;

(б) Эдгээр сөрөг нөлөө зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа эсэхийг үнэлэх;
(в) Сөрөг нөлөө нь зөвшөөрөгдөх хэмжээнээс их байх тохиолдолд, түүнийг арилгах буюу зөвшөөрөгдөх хэмжээ хүртэл багасгахад чиглэсэн хамгаалалтуудыг тогтоож өгөх зэрэгт оршино.

5.6. Сөрөг нөлөөг хүлээн зөвшөөрөгдөх хэмжээ хүртэл багасгахад тохирсон хамгаалалт бэлэн байхгүй тохиолдолд, тухайн сөрөг нөлөөг үүсгэж байгаа үйл ажиллагаа буюу ашиг сонирхлыг арилгах, эсвэл баталгаажуулах ажлыг хүлээн авах, үргэлжлүүлэхээс татгалзах арга замын аль нэгийг сонгоно.

5.7. Хараат бус байдалд хувийн сонирхлын, өөрийгөө хянахын, өмгөөллийн, танилын болон айлган сүрдүүлэлтийн сөрөг нөлөө гарч болохгүй.

5.8. “Хувийн сонирхлын сөрөг нөлөө” нь аудитын байгууллага болон баталгаажуулах ажлын багийн гишүүний үйлчлүүлэгчтэй холбоотой санхүүгийн сонирхлоос, эсвэл үйлчлүүлэгчтэй зөрчилдсөн бусад хувийн сонирхлоос ашиг хүртэх боломжтой нөхцөлд үүснэ. Энэхүү сөрөг нөлөөг үүсгэж магадгүй нөхцөл байдлууд нь дараах зүйлүүдээр тодорхойлогдож болох бөгөөд гэхдээ эдгээрээр хязгаарлагдахгүй байж болно. Үүнд:

(а) Үйлчлүүлэгчтэй санхүүгийн шууд ба шууд бус материаллаг санхүүгийн сонирхолтой байх;

(б) Үйлчлүүлэгчээс юмуу түүний аливаа нэгэн удирдах албан тушаалтнаас зээл эсвэл баталгаа авсан байх;

(в) Үйлчлүүлэгчээс авах ажлын хөлснөөс хэтэрхий хамааралтай байх;

(г) Уг ажлыг гүйцэтгэх боломжоо алдах талаар сэтгэл зовнидог байх;

(д) Үйлчлүүлэгчтэй бизнесийн дотно хэлхээ холбоотой байх;

(е) Үйлчлүүлэгчийн ажилтнаар орох далд боломжтой байх;

(ж) Баталгаажуулах ажилтай холбоотой ажлын хөлсийг бэлнээр гардан авдаг байх.

5.9. “Өөрийгөө хянахын сөрөг нөлөө” нь: (1) Урьд өмнөх баталгаажуулах болон баталгаажуулалтын бус ажлын үр дүн буюу шийдвэрийг баталгаажуулах ажлын дүгнэлт гаргахдаа эргэж үнэлэх шаардлагатай болох, (2) Баталгаажуулах ажлын багийн гишүүн урьд өмнө баталгаажуулах ажлын үйлчлүүлэгчийн захирал юмуу удирдах албан тушаалтан байсан, эсвэл баталгаажуулах ажлын шалгах нэгжид шууд бөгөөд мэдэгдэхүйц нөлөө бүхий алба хашдаг ажилтан байсан зэрэг нөхцөлд үүснэ.
Энэ сөрөг нөлөөг бий болгох нөхцөл байдлуудыг дор дурьдсан бөгөөд гэхдээ эдгээрээр хязгаарлагдахгүй байж болно. Үүнд:

(а) Баталгаажуулах ажлын багийн гишүүн үйлчлүүлэгчийн захирал буюу удирдах албан тушаалтан байх,

(б) Баталгаажуулах ажлын багийн гишүүн үйлчлүүлэгчийн эсвэл баталгаажуулах ажлын шалгах явцад шууд, ихээхэн нөлөө үзүүлэх албан тушаал бүхий ажилтан байх,

(в) Баталгаажуулах ажлыг шалгах явцад шууд нөлөөлдөг үйлчилгээг баталгаажуулах ажлын үйлчлүүлэгчдээ үзүүлдэг байх;

(г) Санхүүгийн тайлан болон бусад бүртгэлийг бэлтгэхэд ашиглагддаг анхдагч тоо мэдээг багийн гишүүн бэлтгэдэг байх

5.10. “Өмгөөллийн сөрөг нөлөө” нь аудитын байгууллага, эсвэл баталгаажуулах ажлын багийн гишүүн бодит байдлыг алдагдуулсан юмуу алдагдуулсан гэж ойлгоход хүргэсэн түвшинд үйлчлүүлэгчийн байр суурь саналыг дэмжих, эсвэл дэмжиж байгаа мэт ойлгогдож болох тохиолдолд үүснэ. Мөн аудитын байгууллага болон баталгаажуулах ажлын багийн гишүүн үйлчлүүлэгчийн шийдвэрт өөрийнхөө шийдвэрийг захируулбал ийм байдал үүснэ.
Энэ сөрөг нөлөө үүсэхэд хүргэх нөхцөл байдлуудыг дор дурдсан бөгөөд гэхдээ эдгээрээр бүх нөхцөл хязгаарлагдахгүй. Үүнд:

(а) Үйлчлүүлэгчийн хувьцаа болон бусад үнэт цаасыг борлуулах буюу борлуулахад дэмжлэг үзүүлдэг байх;

(б) Шүүх ажиллагаанд эсвэл гуравдагч талтай үүсгэсэн маргааныг шийдвэрлэхэд үйлчлүүлэгчийн нэрийн өмнөөс өмгөөлөгчөөр ажилласан байх.

5.11. “Танилын сөрөг нөлөө” нь үйлчлүүлэгч, түүний удирдах албан тушаалтан болон ажилтнуудтай дотно харилцаатай байдгийн улмаас баталгаажуулах ажлын багийн гишүүн нь үйлчлүүлэгчийн сонирхлыг аялдан дагалдах байдлаар хүлээн авах үед үүснэ.

Энэхүү сөрөг нөлөөг бий болгох нөхцөл байдлуудыг дор дурьдсан бөгөөд гэхдээ эдгээрээр хязгаарлагдахгүй байж болно. Үүнд:

(а) Баталгаажуулах ажлын багийн гишүүний ойрын садан төрөл нь үйлчлүүлэгчийн захирал эсвэл удирдах албан тушаалтан байх;

(б) Баталгаажуулах ажлын багийн гишүүний ойрын садан төрөл нь үйлчлүүлэгчийн ажилтан бөгөөд баталгаажуулах ажлыг шалгах явцад шууд ихээхэн нөлөө үзүүлж чадах албан тушаалтан байх;

(в) Аудитын байгууллагын аль нэгэн хувь нийлүүлэгч нь баталгаажуулах ажлын үйлчлүүлэгчийн захирал буюу удирдах албан тушаалтан, эсвэл баталгаажуулах ажлыг шалгах явцад шууд ба шууд бусаар ихээхэн нөлөө үзүүлж чадах албан тушаалтан байх;

(г) Баталгаажуулах ажлын багийн ахлагч нь үйлчлүүлэгчтэй удаан хугацаагаар хэлхээ холбоотой байх;

(д) Үнэ өртгөөрөө зөвшөөрөгдөх хэмжээнээс их бэлэг буюу зочлол хүндэтгэлийг үйлчлүүлэгч, түүний захирал, удирдах албан тушаалтнаас хүлээн авах.

5.12. “Айлган сүрдүүлэх сөрөг нөлөө” нь үйлчлүүлэгчийн захирал, удирдах албан тушаалтан болон ажилтнуудын зүгээс үзүүлсэн бодитой эсвэл бодитой гэж ойлгогдохоор сүрдүүлэг нь багийн гишүүн буюу удирдлагад бодитойгоор мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад нөлөө үзүүлэх үед үүснэ.

Энэхүү сөрөг нөлөөг үүсгэж бий болгоход хүргэх нөхцөл байдлуудыг дор дурдсан бөгөөд гэхдээ энэ нь эдгээрээр хязгаарлагдахгүй байж болно. Үүнд:

(а) Нягтлан бодох бүртгэлийн зарчмыг хэрэглэх асуудлаар тохиролцоонд хүрээгүйн улмаас өөрийг нь өөр хүнээр солиулах гэсэн сүрдүүлэг;

(б) Гүйцэтгэсэн ажлын хэмжээг зүй бусаар багасгаж, төлбөрийг нь бууруулах гэсэн дарамт.

5.13. Хараат бус байдлыг алдагдуулж болох сөрөг нөлөөг тогтоох, тэдгээрийн ач холбогдлыг үнэлэх, хэрэв зөвшөөрөгдөх хэмжээнээс их сөрөг нөлөө байвал түүнийг арилгах, эсвэл сэтгэл зүйн болон гадаад нөлөөллийн хараат бус байдлыг алдагдуулахгүй байлгах зөвшөөрөгдөх хэмжээ хүртэл багасгах талаар баталгаажуулах ажлын баг, аудитын байгууллагуудаас баримталвал зохих хамгаалалтын арга хэмжээнүүдийг өөрсдөө урьдчилан тогтоосон байвал зохино.

5.14. Хараат бус байдлыг алдагдуулж болох сөрөг нөлөөг арилгах, эсвэл хүлээн зөвшөөрөгдөх хэмжээ хүртэл багасгахын тулд хэрэглэж болох хамгаалалтууд нь ажил үйлчилгээ тус бүрийн онцлог шинжээс хамаарна. Өөрөөр хэлбэл, баталгаажуулах ажил нь аудитын, эсвэл бусад төрлийн ямар ажил болохоос хамааран хамгаалалтын арга хэрэгсэл өөр өөр байна. Иймд аудитын байгууллага тухайн ажлыг хүлээн авах эсэх, үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэх, түүнчлэн шаардлагатай хамгаалалтын арга хэмжээг сонгож ашиглах болон тухайн хувь хүн баталгаажуулах ажлын багийн гишүүн байх эсэх талаар шийдвэр гаргахдаа холбогдох нөхцөл байдал,баталгаажуулах ажлын шинж чанар, хараат бус байдалд учирч болох сөрөг нөлөөний байдалд үнэлгээ өгч харгалзана.

5.15. Аудитын төдийгүй аудитын бус баталгаажуулах ажлын үйлчлүүлэгчид гүйцэтгэн өгч байгаа баталгаажуулах ажилд мөн дээрхтэй адил зүйлсийг харгалзах нь баталгаажуулах ажлын баг, аудитын байгууллагын гишүүд аудитын бус баталгаажуулах ажлын үйлчлүүлэгчээс хараат бус байх нөхцөлийг хангаж өгнө. Үүнд:

а. Аудитын үйлчлүүлэгчид үзүүлсэн баталгаажуулах ажлын баг, аудитын байгууллагын ажилтан үйлчлүүлэгчээсээ хараат бус байх шаардлагатай;

б. Аудитын бус үйлчлүүлэгчид үзүүлсэн баталгаажуулах ажлын хувьд, тодорхой тогтсон хэрэглэгч нар баталгаажуулах ажлын тайланг хэрэглэх хязгаарлалт тавиагүй байх үед баталгаажуулах ажлын баг, аудитын байгууллагын ажилтнууд үйлчлүүлэгчээсээ хараат бус байх шаардлагатай;

в. Аудитын бус үйлчлүүлэгчид үзүүлсэн баталгаажуулах ажлын хувьд, тодорхой тогтсон хэрэглэгч нар баталгаажуулалтын тайланг хэрэглэх хязгаарлалт тавьсан бол уг хязгаарлалт тавьсан үед баталгаажуулах ажлын багийн гишүүд үйлчлүүлэгчээсээ хараат бус байх шаардлагатай. Үүний зэрэгцээ, аудитын байгууллага үйлчлүүлэгчтэйгээ холбоотой санхүүгийн шууд ба шууд бус материаллаг сонирхолтой байж үл болно.

5.16. Аудитын үйлчлүүлэгчийн хувьд тухайн үйлчлүүлэгчтэй холбоотой байгууллагуудыг хамарсан ашиг сонирхол болон харилцан үүссэн хэлхээ холбоог аудитын байгууллагууд урьдаас судалж тогтоосон байх ёстой. Баталгаажуулах ажлын бусад бүх үйлчлүүлэгчийн хувьд, тэдэнтэй холбоотой байгууллага нь аудитын байгууллага үйлчлүүлэгчээс хараат бус байдлыг үнэлэхэд учир холбогдолтой гэж баталгаажуулах ажлын баг үндэслэлтэйгээр үзвэл, хараат бус байдлыг үнэлж, түүнд хэрэглэх хамгаалалтыг тухайн холбоотой байгууллагыг харгалзаж үзэж сонгоно.

5.17. Хараат бус байдалд учирч болох сөрөг нөлөөний талаар өгөх үнэлгээ, түүний мөрөөр авах арга хэмжээ нь тухайн ажлыг хүлээж авахаас өмнө юмуу түүнийг гүйцэтгэх явцад олж авсан нотлох зүйлээр батлагдсан байх ёстой. Хараат бус байдлыг алдагдуулж болзошгүй нөхцөл байдлын талаар аудитын байгууллага, баталгаажуулах ажлын багийн гишүүн мэдэж байгаа эсвэл мэдэх болно гэж зүй ёсоор найдаж болохоор үед ийм үнэлгээг хийх бөгөөд ингэснээр түүний мөрөөр арга хэмжээ авах үүрэг үүснэ. Аудитын байгууллага, эсвэл хувь хүн энэ хэсгийг санаандгүй зөрчих тохиолдол гарч болзошгүй юм. Хэрэв ийм санаатай бус зөрчил гарвал аудитын байгууллага хараат бус байдлыг арилгах чанарын хяналтын бодлого болон журмын дагуу зөрчлийг илрүүлэх ёстой бөгөөд түүнийг нэн даруй арилгаж, аливаа шаардлагатай хамгаалалтуудыг хэрэглэвэл зохино.

5.18. Хараат бус байдлыг үнэлэхдээ мэдэгдэхүйц буюу эсвэл бага хэмжээний сөрөг нөлөө байгаа эсэхийг харгалзан үзнэ. Аливаа тодорхой асуудлын ач холбогдлыг авч үзэхдээ чанарын болон тооны хүчин зүйлсийг анхаарвал зохино. Асуудал ердийн бөгөөд ач холбогдолгүй байх зөвхөн тэр тохиолдолд л түүнийг ялимгүй гэж тооцно.

5.19. Хараат бус байдалд учирч болох сөрөг нөлөөг арилгах юмуу хүлээн зөвшөөрөгдөх хэмжээ хүртэл багасгах хамгаалалтуудыг тогтоохдоо мэргэжлийн үүднээс хандана. Хараат бус байдалд учирч болох сөрөг нөлөө нь түүнийг үүсгэж байгаа үйл ажиллагаа буюу ашиг сонирхлыг арилгах, хүлээн зөвшөөрөгдөх хэмжээ хүртэл багасгах, эсвэл баталгаажуулах ажлыг хүлээн авах юмуу эсвэл үргэлжлүүлэхээс татгалзах шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлнэ.

5.20. Хараат бус байдалд учирч болох сөрөг нөлөөг ялимгүй биш гэж тогтоосон бөгөөд аудитын байгууллага баталгаажуулах ажлыг хүлээн авах юмуу үргэлжлүүлэн гүйцэтгэхээр шийдвэрлэсэн бол шийдвэрийг баримтжуулах шаардлагатай. Тогтоогдсон сөрөг нөлөөг арилгах юмуу хүлээн зөвшөөрөгдөх хэмжээ хүртэл багасгах хамгаалалтуудыг баримтад тусгана.

5.21.Хараат бус байдалд учрах аливаа сөрөг нөлөөний шинж чанар, түүнийг хүлээн зөвшөөрөгдөх хэмжээ хүртэл багасгахад зайлшгүй шаардагдах хамгаалалтуудыг үнэлэхдээ олон нийтийн ашиг сонирхлыг харгалзаж үзнэ.

5.22. Аудитын байгууллага болон баталгаажуулах ажлын багийн гишүүд ажлаа гүйцэтгэж байгаа нөхцөл байдал, хараат бус байдалд учрах сөрөг нөлөө, түүнийг арилгах юмуу хүлээн зөвшөөрөгдөх хэмжээ хүртэл багасгах зорилгоор хэрэглэх хамгаалалтуудыг харгалзан үзсэний үндсэн дээр хараат бус байдлаа хадгалах үүрэг хариуцлага хүлээнэ.

5.23. Хэрэв зөвшөөрөгдөх хэмжээтэйгээс бусад сөрөг нөлөөг тогтоосон бол тэдгээр сөрөг нөлөөг арилгах юмуу хүлээн зөвшөөрөгдөх хэмжээ хүртэл багасгах зорилгоор хамгийн зохимжтой хамгаалалтуудыг олж хэрэглэвэл зохино. Энэ талаархи шийдвэрийг баримтжуулна. Хэрэглэх хамгаалалтуудын шинж чанар нь тухайн нөхцөл байдлаас хамаарч ялгаатай байна. Ингэхдээ холбогдох бүх мэдээлэл, түүний дотор хэрэглэсэн хамгаалалтын тухай мэдээллийг гуравдагч тал хүлээн аваад хэрхэн үзэх тухай, тэндээс сөрөг санал гарч болох эсэх тухай үнэлгээг байнга хийж байвал зохино. Энд сөрөг нөлөөний түвшин, баталгаажуулах ажлын шинж чанар, баталгаажуулах ажлын тайлангийн хэрэглэгч болон аудитын байгууллагын бүтэц зэрэг асуудлууд нөлөөлнө.

5.24.Хамгаалалтууд өргөн хүрээтэй гурван бүлэгт хуваагдана:

(а) Мэргэжил ба хууль тогтоомжоор тогтоогдсон хамгаалалтууд;

(б) Баталгаажуулах ажлын үйлчлүүлэгчийн хүрээний хамгаалалтууд;

(в) Аудитын байгууллагын өөрийнх нь тогтолцоо болон журмаар тогтоогдсон хамгаалалтууд
5.25.Мэргэжил болон хууль тогтоомжоор тогтоогдсон дараах хамгаалалтууд байна:

(а) Мэргэжлийг эзэмшихэд шаардлагатай боловсрол, сургалт ба туршлага;

(б) Тасралтгүй боловсролын шаардлага;

(в) Мэргэжлийн стандартын шаардлага болон сахилга батын журмууд;

(г) Аудитын байгууллагын чанарын хяналтын тогтолцоог гаднаас эргэн хянах;

(д) Аудитын байгууллагын хараат бус байдлын шаардлагыг зохицуулсан хууль тогтоомж.

5.26. Баталгаажуулах ажлын үйлчлүүлэгчийн хүрээний дараах хамгаалалтууд байна:

(а) Аудитын байгууллагыг баталгаажуулах ажлын үйлчлүүлэгчийн удирдлага сонгосон тохиолдолд гүйцэтгэх удирдлагаас бусад этгээд уг сонголтыг сайшаах юмуу баталдаг байх;

(б) Баталгаажуулах ажлын үйлчлүүлэгчтэй харилцаа тогтооход удирдлагын шийдвэр гаргах чадвартай ажилтнууд төлөөлсөн байх;

(в) Баталгаажуулах Санхүүгийн тайлагналыг шударгаар гүйцэтгэх талаар өөрийн үүрэг хариуцлагыг онцлон тусгасан бодлого болон дотоод журмуудтай байх;

(г) Баталгаажуулалтын бус ажлын гүйцэтгэгчийг сонгохдоо бодит байдлаар хандах асуудлыг тусгасан дотоод журамтай байх;

(д) Үйлчлүүлэгч нь аудитын байгууллагын үйлчилгээнд анхаарал тавьдаг, үйлчлэгч аудитын байгууллагын талаар мэдээлэл түгээдэг, мөн компанийг удирдах эрх бүхий байгууллага юмуу аудитын хороотой байх.

5.27. Үйлчлүүлэгчийн аудитын хороо үйлчлүүлэгчийн гүйцэтгэх удирдлагаас хараат бус байвал тэд компанийн засаглалд чухал үүрэг гүйцэтгэж, аудитын байгууллагын үр өгөөжийг бүрэн ашиглаж чадна. Хараат бус байдалд нөлөөлнө гэж аудитын байгууллагын зүгээс зүй ёсоор бодож болох бусад асуудлын талаар хоорондоо тогтмол харилцаж байвал зохино.

5.28. Аудитын байгууллага хараат бус байдлын асуудлаар аудитын хороо болон засаглалын асуудлыг хариуцсан бусад талуудтай хамтран бодлого, журам боловсруулж ажиллана.
Аудитын байгууллага нь үйлчлүүлэгчдээс хараат бус байдлын талаар жилд нэгээс доошгүй удаа аудитын хороонд мэдээлж байна.

5.29. Аудитын байгууллагын өөрийнх нь тогтолцоо ба дагаж мөрдөх журмуудад аудитын байгууллагыг бүхэлд нь хамарсан дараах хамгаалалтын арга хэмжээ тусгагдсан байх ёстой.

(а) Баталгаажуулах ажлын багийн гишүүд хараат бус байдалд онцгой ач холбогдол өгч нийтийн ашиг сонирхолд нийцэж ажиллах болно гэдэг итгэл хүлээсэн байх;

(б) Баталгаажуулах ажлын чанарын хяналтыг хэрэгжүүлэх болон зохицуулах бодлого, эсвэл журамтай байх;

(в) Хараат бус байдалд учирч болох сөрөг нөлөөг тогтоох, тэдгээрийн нөлөөллийг үнэлэх, сөрөг нөлөөг арилгах юмуу хүлээн зөвшөөрөгдөх хэмжээ хүртэл багасгах зорилгоор хамгаалалтуудыг тогтоох, хэрэглэх зэрэг асуудалтай холбогдсон хараат бус байдлын бодлогуудыг баримтжуулсан байх;

(г) Хараат бус байдлын талаархи аудитын байгууллагын бодлого болон журмын мөрдөлтийг хянах дотоод бодлого, журмуудтай байх;

(д) Аудитын байгууллага болон баталгаажуулах ажлын багийн гишүүд, баталгаажуулах ажлын үйлчлүүлэгчийн хоорондын ажил төрлийн холбоо, тэдний ашиг сонирхлыг олж тогтоох боломжийг хангах бодлого, журамтай байх;

(е) Тухайн баталгаажуулах ажлын үйлчлүүлэгчээс хүлээн авах орлогоос хамаарах аливаа асуудал байгаа эсэхийг хянах, хэрэв шаардлагатай бол энэ талаар бодлого, журам боловсруулж баталж мөрдөх;

(ж) Баталгаажуулалтын бус үйлчилгээг баталгаажуулах ажлын үйлчлүүлэгчид үзүүлэхдээ тус тусдаа сувгаар тайлагнах зарчмаар өөр өөр үндсэн аудитор болон багийг ажиллуулах;

(з) Баталгаажуулах ажлын багийн гишүүн бус хувь хүмүүс баталгаажуулах ажлын үр дүнд нөлөөлөхийг хориглосон бодлого, журамтай байх;

(и) Аудитын байгууллагын бодлого, журам болон түүнд оруулсан аливаа өөрчлөлтийн талаар бүх үндсэн аудиторууд болон мэргэжлийн ажилтнуудад цаг тухайд нь мэдээлж, энэ талаар зохих сургалт явуулдаг байх;

(к) Хамгаалалтын тогтолцооны ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй албан тушаалтныг дээд удирдлагаас томилдог байх;

(л) Үндсэн аудиторууд болон мэргэжлийн ажилтнууддаа хараат бус байвал зохих баталгаажуулах ажлын үйлчлүүлэгч, тэдэнтэй холбоотой байгууллагын тухай мэдэгдэх арга хэрэгсэлтэй байх;

(м) Бодлого, журмын мөрдөлтийг хангах сахилга батын механизмтай байх;

(н) Хараат бус байдал, бодит байдлын талаар ажилтнуудын сэтгэлийг зовоосон аливаа асуудлаар аудитын байгууллагын дээд түвшний удирдлагатай харьцах эрх мэдлийг ажилтнуудад олгосон бодлого, журамтай байх.

5.30. Аудитын байгууллагын өөрийн ажлын онцлогтой холбоотой дараах хамгаалалтыг дотоод журамдаа тусган ашиглана. Үүнд:

(а) Гүйцэтгэсэн ажлыг эргэн хянуулах эсвэл шаардлагатай бол зөвлөгөө өгүүлэх зорилгоор мэргэшсэн нягтлан бодогчийг нэмж татан оролцуулах. Энэ нь аудитын байгууллага дотооддоо шийдвэрлэж болох асуудал боловч баталгаажуулах ажлын багтай холбоогүй этгээд, эсвэл гаднын хүн байж болно;

(б) Мэргэжлийн зохицуулагч байгууллага болон бусад мэргэшсэн нягтлан бодогч зэрэг гуравдагч талын туслалцааг ашигладаг байх;

(в) Ахлах аудиторуудыг ээлжлэн сэлгэж ажиллуулах;

(г) Аудитын хороо буюу засаглалыг хариуцсан бусад талуудаар аудитын байгууллага хараат бус байдлаа хэлэлцүүлдэг байх;

(д) Үзүүлсэн үйлчилгээний шинж чанар, ногдуулсан төлбөрийн цар хэмжээний талаар аудитын хороо буюу засаглалыг хариуцсан бусад талуудад мэдээлэх;

(е) Баталгаажуулах ажлын багийн гишүүд нь үйлчлүүлэгчийн өмнөөс удирдлагын шийдвэр гаргахгүй юмуу ийм шийдвэрийн төлөө хариуцлага хүлээхгүй байх нөхцлийг хангасан бодлого, журамтай байх;

(ж) Баталгаажуулалтын ажил эсвэл түүний зарим хэсгийг өөр аудитын байгууллагаар гүйцэтгүүлэх юмуу дахин гүйцэтгүүлэх боломжтой байх;

(з) Баталгаажуулалтын бус үйлчилгээг энэхүү үйлчилгээний төлөө хариуцлага хүлээлгэх хэмжээнд дахин гүйцэтгэх өөр компанийг татан оролцуулах боломжтой байх;
(и) Баталгаажуулалтын багийн гишүүний санхүүгийн ашиг сонирхол юмуу ажил төрлийн холбоо нь хараат бус байдалд сөрөг нөлөө үзүүлэхээр бол түүнийг баталгаажуулах ажлын багийн бүрэлдэхүүнээс гаргадаг байх.

5.31. Дээр дурьдсан хамгаалалтууд нь хараат бус байдалд учирч болох сөрөг нөлөөг арилгах юмуу хүлээн зөвшөөрөгдөх хэмжээ хүртэл багасгахад хангалтгүй байх, эсвэл тухайн сөрөг нөлөөг үүсгэсэн үйл ажиллагаа юмуу ашиг сонирхлыг арилгахгүй гэсэн дүгнэлтийг аудитын байгууллага хийсэн бол баталгаажуулалтын ажлыг гүйцэтгэхээс татгалзвал зохино.

5.32. Баталгаажуулах ажлын хугацаанд багийн гишүүд болон аудитын байгууллага үйлчлүүлэгчээс хараат бус байвал зохино. Ажлын хугацаа нь баталгаажуулах ажил давтагдах шинж чанартай байхаас бусад тохиолдолд, баталгаажуулах ажлын баг баталгаажуулах ажлыг гүйцэтгэж эхэлснээр эхэлж, баталгаажуулах ажлын тайланг гаргаснаар дуусгавар болно. Хэрэв баталгаажуулах ажил дахин давтагдахаар хүлээгдэж байгаа бол, мэргэжлийн үйлчилгээний үйл ажиллагааг дуусгавар болгон хамтын ажиллагааны гэрээг цуцалснаар баталгаажуулах ажлын хугацаа дуусгавар болсонд тооцогдоно.

5.33.Аудитын ажлын хугацаа аудитын байгууллага санхүүгийн тайланд дүгнэлт гаргасан хугацаагаар дуусгавар болно. Хэрэв үйлчлүүлэгч нь санхүүгийн тайлангийн хугацааны явцад эсвэл түүний дараа аудитын үйлчлүүлэгч болсон бол аудитын байгууллага хараат бус байдалд аливаа аюул үүсгэх дараах нөхцөл байгаа эсэхийг харгалзан үзнэ. Үүнд:

1. Санхүүгийн тайлангийн хугацааны явцад эсвэл түүний дараа, гэхдээ аудитын ажлын захиалгыг хүлээн авахаасаа өмнө аудитын үйлчлүүлэгчтэй тогтоосон санхүүгийн болон бизнесийн хэлхээ холбоо;

2. Аудитын үйлчлүүлэгчид урьд өмнө үзүүлсэн үйлчилгээ.

3. Аудитын бус баталгаажуулах ажлын тухайд аливаа санхүүгийн юмуу бизнесийн хэлхээ холбоо эсвэл урьд өмнө үзүүлсэн үйлчилгээ хараат бус байдалд аюул учруулах эсэхийг аудитын байгууллага харгалзан үзнэ.

5.34.Хэрэв санхүүгийн тайлангийн хугацааны явцад эсвэл түүний дараа, гэхдээ аудитын мэргэжлийн үйлчилгээ үзүүлж эхлэхээс өмнө баталгаажуулалтын бус үйлчилгээг аудитын үйлчлүүлэгчид үзүүлсэн бол энэ үйлчилгээний улмаас хараат бус байдалд нөлөөлж болзошгүй аливаа аюул байгаа эсэхийг харгалзан үзвэл зохино. Хэрэв аюул ялимгүй биш бол, зайлшгүй хэрэглэх хамгаалалтуудыг сонгож, хүлээн зөвшөөрөгдөх хэмжээ хүртэл уг сөрөг нөлөөллийг багасгах зорилгоор хэрэглэнэ. Энд дараах хамгаалалтуудыг ашиглаж болно:

• Баталгаажуулалтын бус үйлчилгээтэй холбогдсон хараат бус байдлын асуудлыг үйлчлүүлэгчийн аудитын хороо гэх мэт удирдах үүрэгтэй этгээдтэй хэлэлцэх;

• Баталгаажуулалтын үйлчилгээний үр дүнгийн төлөө хариуцлага хүлээх мэдэгдлийг аудитын үйлчлүүлэгчээс авах;

• Баталгаажуулалтын бус үйлчилгээ үзүүлсэн этгээдийг аудитын ажилд оролцуулахаас татгалзах;

• Баталгаажуулалтын бус үйлчилгээний үр дүнг өөр компаниар эргэн хянуулах эсвэл эдгээр үйлчилгээний төлөө хариуцлага хүлээх боломжийг олгохуйц хэмжээнд баталгаажуулалтын бус үйлчилгээг өөр компаниар дахин гүйцэтгүүлэх.

5.35. Хараат бус байдал алдагдахад нөлөөлөх үндсэн хүчин зүйлүүд нь:

• Санхүүгийн сонирхолтой байх

• Баталгаажуулах ажлын үйлчлүүлэгчдээс хамааралтай байх

• Аудитын үйлчлүүлэгчидтэй холбоотой байх

• Аудитын бус баталгаажуулах ажлын үйлчүүлэгчидтэй холбоотой байх

• Зээл болон түүний баталгаа гаргахтай холбогдсон үйл ажиллагаа
• Баталгаажуулах ажлын үйлчлүүлэгчтэй бизнесийн дотно хэлхээ холбоотой байх

• Гэр бүлийн ба хувийн хэлхээ холбоотой байх

• Баталгаажуулах ажлын үйлчлүүлэгчийн талд ажил эрхлэх

• Баталгаажуулах ажлын үйлчлүүлэгчид сүүлийн үед алба хашсан байдал
• Баталгаажуулах ажлын үйлчлүүлэгчийн Удирдах Зөвлөлийн гишүүн аль нэгэн албаны захирлын алба хашсан байдал

• Ахлах тушаалын ажилтан баталгаажуулах ажлын үйлчлүүлэгчтэй удаан хугацаанд хэлхээ холбоотой байх

• Баталгаажуулалтын бус үйлчилгээг баталгаажуулах ажлын үйлчлүүлэгчид үзүүлэх

• Нягтлан бодох бүртгэлийн баримтууд ба санхүүгийн тайланг бэлтгэх

• Үнэлгээний үйлчилгээ үзүүлэх

• Аудитын үйлчлүүлэгч дотоод аудитын үйлчилгээ үзүүлэх

• Мэдээллийн технологийн үйлчилгээг аудитын үйлчлүүлэгчид үзүүлэх

• Аудитын үйлчлүүлэгчдэд өөрийн ажилтныг түр томилон ажиллуулах

• Шүүх ажиллагаанд дэмжих үйлчилгээг аудитын үйлчлүүлэгчид үзүүлэх

• Аудитын үйлчлүүлэгчдэд хуулийн үйлчилгээ үзүүлэх

• Ахлах тушаалын удирдах ажилтанг ажилд авах

• Байгууллагын санхүүгийн албаны үүрэг ба түүнтэй адилтгах үйл ажиллагаа эрхлэх

• Аудитын үйлчилгээний төлбөр болон үнийг хэлэлцэн тогтох

• Бэлэг авах болон дайллагад оролцох

• Үйлчлүүлэгчтэйгээ харилцаа муудсаны улмаас шүүх үйл ажиллагаанд оролцох зэрэг байж болно.

5.36. Баталгаажуулах ажлын үйлчлүүлэгчдэд ”Санхүүгийн сонирхолтой байх нь” хараат бус байдлыг алдагдуулна. Санхүүгийн сонирхол нь хөрөнгө оруулалтад юмуу эзэмшиж буй санхүүгийн сонирхолд (хамтын сан, итгэмжлийн сан, түүнтэй адилтгах зуучлалын хэрэгслүүд г.м.) тухайн хувь хүн хяналт тавих боломжтой байхаас өгсүүлээд хувь хүн санхүүгийн сонирхлыг хянах (тухайлбал, итгэмжлэгчийн хувьд), хөрөнгө оруулалтын шийдвэрт нөлөөлж чадах хүртэл хүрээг хамарна. Хараат бус байдлыг алдагдуулах сөрөг нөлөөллийг үнэлэхдээ, эзэмшиж буй санхүүгийн сонирхол, түүний хөрөнгө оруулалтын стратегид тавьж болох хяналт юмуу үзүүлэх нөлөөний түвшинг харгалзан үзэх нь чухал юм. Хэрэв хяналт тавигдаж байгаа бол санхүүгийн сонирхлыг шууд хэмээн үзнэ. Үүний эсрэгээр буюу санхүүгийн сонирхол бүхий этгээд санхүүгийн сонирхолд ийм хяналт тавих чадваргүй байвал тэрхүү санхүүгийн сонирхлыг шууд бус хэмээн үзнэ.

5.37.“Баталгаажуулах ажлын үйлчлүүлэгчдээс хамааралтай байх” нөхцөлд хараат бус байдал алдагдах тохиолдлууд нь:

• Хэрэв баталгаажуулах ажлын багийн гишүүн юмуу түүний гэр бүлийн гишүүн баталгаажуулах ажлын үйлчлүүлэгчид санхүүгийн шууд сонирхол, эсвэл материаллаг шууд бус сонирхолтой байвал,

• Хэрэв баталгаажуулах ажлын багийн гишүүн юмуу түүний гэр бүлийн гишүүн, тухайлбал, өв залгамжлал, бэлэглэл эсвэл нийлж нэгдсэний үр дүнд гэх мэт арга замаар баталгаажуулах ажлын үйлчлүүлэгчтэй холбоотой санхүүгийн шууд сонирхол, эсвэл материаллаг санхүүгийн шууд бус сонирхол үүсвэл,

• Хэрэв баталгаажуулах ажлын багийн гишүүний ойрын төрөл садангийн хүн нь баталгаажуулах ажлын үйлчлүүлэгчид санхүүгийн шууд сонирхолтой, эсвэл материаллаг санхүүгийн шууд бус сонирхолтой байгааг мэдэж байвал,

• Хэрэв аудитын байгууллага юмуу баталгаажуулах ажлын багийн гишүүн нь баталгаажуулах ажлын үйлчлүүлэгчид итгэмжлэгчийн хувиар санхүүгийн шууд сонирхолтой, эсвэл материаллаг санхүүгийн шууд бус сонирхолтой байвал,

• Баталгаажуулах ажлын багаас гадуурхи хувь хүмүүс, тэдний ойрын садан төрөл болон гэр бүлийн гишүүд санхүүгийн шууд сонирхолтой, эсвэл материаллаг санхүүгийн шууд бус сонирхолтой байх зэрэг болно.

5.38.“Аудитын үйлчлүүлэгчидтэй холбоотой байх” хараат бус байдал алдагдах тохиолдлууд нь:

• Хэрэв аудитын байгууллага аудитын үйлчлүүлэгчтэй санхүүгийн шууд сонирхолтой байвал

• Хэрэв аудитын байгууллага аудитын үйлчлүүлэгчид материаллаг шууд бус санхүүгийн сонирхолтой байвал

• Хэрэв аудитын байгууллага нь аудитын үйлчлүүлэгчийн хяналтын эрхтэй байгууллагад материаллаг санхүүгийн сонирхолтой байвал,

• Хэрэв аудитын байгууллагын тэтгэврийн хөтөлбөр нь аудитын хэрэглэгчид санхүүгийн сонирхолтой байвал,

• Хэрэв багийн ахлагч партнер болон бусад партнер түүний дотор баталгаажуулах ажил гүйцэтгээгүй партнер буюу тэдний гэр бүл нь аудитын үйлчлүүлэгчид санхүүгийн шууд сонирхолтой, эсвэл материаллаг шууд бус санхүүгийн сонирхолтой байвал,

• Багийн ахлагч партнерийн ажлаа явуулдаг албан ажлын байр нь үйлчлүүлэгчийн ажлын байранд хамт байрладаг байвал,

• Хэрэв аудитын үйлчлүүлэгчид баталгаажуулалтын бус үйлчилгээ үзүүлж байгаа, гэхдээ илт мэдэгдэхүйц биш оролцоотойгоос бусад партнер ба удирдлагын ажилтнууд буюу тэдний гэр бүлийн гишүүд аудитын үйлчлүүлэгчид санхүүгийн шууд сонирхол, эсвэл материаллаг санхүүгийн бус ашиг сонирхолтой бол,

• Хэрэв аудитын байгууллага, эсвэл баталгаажуулах ажлын багийн гишүүн үйлчлүүлэгч байгууллагад санхүүгийн шууд сонирхолтой, эсвэл аудитын үйлчлүүлэгч болон түүний захирал, албан тушаалтан, хяналт тавьдаг эзэн аудитын байгууллагад хөрөнгө оруулсан байвал тус тус хараат байдал алдагдана.

5.39.“Аудитын бус баталгаажуулах ажлын үйлчүүлэгчидтэй холбоотой байх” нөхцөлд хараат бус байдал алдагдах тохиолдлууд нь:

• Хэрэв аудитын байгууллага аудитын бус баталгаажуулах ажлын үйлчлүүлэгчтэй санхүүгийн шууд сонирхолтой байвал,

• Хэрэв аудитын байгууллага аудитын бус баталгаажуулах ажлын үйлчлүүлэгчид материаллаг санхүүгийн шууд бус сонирхолтой байвал

• Хэрэв аудитын байгууллага аудитын бус баталгаажуулах ажлын үйлчлүүлэгчийн хяналтын эрх бүхий байгууллагад материаллаг санхүүгийн сонирхолтой байвал тус тус хараат байдал алдагдана.

5.40. “Зээл болон түүний баталгаа гаргахтай холбогдсон үйл ажиллагаа”-тай холбогдсон хараат бус байдал алдагдах тохиолдлууд нь:

• Үйлчлүүлэгч банк ба түүнтэй адилтгах байгууллагаас аудитын байгууллагын авсан зээл нь хэмжээний хувьд баталгаажуулах ажлын үйлчлүүлэгчийн эсвэл аудитын байгууллагын хувьд материаллаг байвал

• Хэрэв аудитын байгууллага болон баталгаажуулах ажлын багийн гишүүн банк, эсвэл түүнтэй адилтгах байгууллага, баталгаажуулах ажлын үйлчлүүлэгчээс зээл авсан юмуу түүгээр зээлийн баталгаа гаргуулсан, ийнхүү үүссэн хувийн сонирхол буюу зээл, түүний баталгаа нь аудитын байгууллага, баталгаажуулах ажлын багийн гишүүн болон баталгаажуулах ажлын үйлчлүүлэгчийн аль алинд материаллаг байвал тус тус хараат байдал алдагдана.

5.41.“Баталгаажуулах ажлын үйлчлүүлэгчтэй бизнесийн дотно холбоотой байх” нөхцөлд хараат бус байдал алдагдах тохиолдлууд нь:

• Аудитын байгууллага, баталгаажуулах ажлын багийн гишүүн болон баталгаажуулах ажлын үйлчлүүлэгч юмуу түүний удирдлагын хоорондын бизнесийн дотно хэлхээ холбоо нь арилжааны эсвэл санхүүгийн нийтлэг сонирхлыг бий болгож байвал,

• Баталгаажуулах ажлын үйлчлүүлэгчээс бүтээгдэхүүн ба үйлчилгээг аудитын байгууллага болон баталгаажуулах ажлын багийн гишүүн худалдан авах үйл ажиллагаа ердийн журмаар хийгдсэн бөгөөд холбоогүй талуудынх байвал, хараат бус байдалд ерөнхийдөө сөрөг нөлөө үзүүлэхгүй. Гэхдээ ийм ажил гүйлгээнүүд хараат бус байдалд хувийн сонирхлын мэдэгдэхүйц нөлөө үүсгэхүйц шинж чанартай юмуу цар хэмжээтэй байвал тус тус хараат байдал алдагдана.

5.42. “Гэр бүлийн ба хувийн хэлхээ холбоотой байх” нөхцөлд хараат бус байдал алдагдах тохиолдлууд нь:

• Баталгаажуулах ажлын багийн гишүүний зүгээс баталгаажуулах ажлын үйлчлүүлэгчийн захирал, удирдах албан тушаалтан, нөлөө бүхий зарим ажилтантай гэр бүлийн юмуу хувийн харилцаа холбоотой байвал

• Баталгаажуулах ажлын багийн гишүүний гэр бүлийн гишүүн нь баталгаажуулах ажлын үйлчлүүлэгчийн захирал, удирдах албан тушаалтан, эсвэл ажилтан бөгөөд энэ байдал нь баталгаажуулах ажлын шалгалтын явцад шууд, мэдэгдэхүйц нөлөөлөхөөр байвал

• Баталгаажуулах ажлын багийн гишүүний ойрын төрөл садангийн хүн баталгаажуулалтын үйлчлүүлэгчийн захирал, албан тушаалтан, эсвэл ажилтан мөн бөгөөд баталгаажуулах ажлын шалгах асуудалд шууд, мэдэгдэхүйц нөлөө үзүүлэх алба хашдаг бол,

• Баталгаажуулах ажлын багийн гишүүний ойрын садан төрөл юмуу гэр бүлийн гишүүн биш боловч баталгаажуулах ажлын багийн гишүүнтэй дотно хэлхээ холбоотой хүн нь баталгаажуулах ажлын үйлчлүүлэгчийн захирал, албан тушаалтан, эсвэл ажилтан байж, баталгаажуулах ажлын шалгах асуудалд шууд, мэдэгдэхүйц нөлөө үзүүлж чадах алба хашиж байвал

• Аудитын байгууллагын баталгаажуулах ажлын багийн гишүүн биш хир нь партнер болон бусад ажилтан нь баталгаажуулах ажлын шалгах асуудалд шууд, мэдэгдэхүйц нөлөөтэй баталгаажуулах ажлын үйлчлүүлэгчийн захирал, албан тушаалтан, ажилтантай хувийн юмуу гэр бүлийн хэлхээ холбоотой байвал тус тус хараат байдал алдагдана.

5.43. “Баталгаажуулах ажлын үйлчлүүлэгчийн талд ажил эрхлэх”-тэй холбогдсон хараат бус байдал алдагдах тохиолдлууд нь:

• Баталгаажуулах ажлын шалгах асуудалд шууд, мэдэгдэхүйц нөлөө үзүүлж чадах баталгаажуулах ажлын үйлчлүүлэгчийн захирал, албан тушаалтан, эсвэл ажилтан нь баталгаажуулах ажлын багийн гишүүн эсвэл аудитын байгууллагын партнер байсаар ирсэн бол,

• Баталгаажуулах ажлын багийн гишүүн юмуу аудитын байгууллагын партнер эсвэл партнер асан баталгаажуулах ажлын үйлчлүүлэгчид нэгдэн орсон бол,

• Баталгаажуулах ажлын багийн гишүүн алсдаа хэзээ нэгэн цагт үйлчлүүлэгчид нэгдэж орно, эсвэл орж магадгүй гэдгээ мэдэж байхдаа, эсвэл ингэж найдах шалтгаантайгаар баталгаажуулах ажилд оролцсон байвал тус тус хараат байдал алдагдсанд тооцно.

5.44. “Баталгаажуулах ажлын үйлчлүүлэгчид сүүлийн үед алба хашсан байдал”-тай холбоотой хараат бус байдал алдагдах тохиолдлууд нь:

• Баталгаажуулах ажлын үйлчлүүлэгчийн албан тушаалтан, захирал, эсвэл ажилтан байсан хүнийг баталгаажуулах ажлын багийн гишүүнээр ажиллуулах

• Баталгаажуулах ажлын багийн гишүүн баталгаажуулсан тайланд хамрагдсан хугацааны явцад баталгаажуулах ажлын үйлчлүүлэгчийн албан тушаалтан юмуу захирлаар ажиллаж байсан, эсвэл баталгаажуулах ажлын шалгах асуудалд шууд, мэдэгдэхүйц нөлөө үзүүлж чадах алба хашдаг ажилтан байсан бол,

• Баталгаажуулалтын тайланд хамрагдсан хугацаанаас өмнө баталгаажуулах ажлын багийн гишүүн, баталгаажуулах ажлын үйлчлүүлэгчийн албан тушаалтан, захирлаар ажиллаж байсан, эсвэл баталгаажуулах ажлын шалгаж байгаа асуудалд шууд, мэдэгдэхүйц нөлөө үзүүлж чадах байр суурьтай ажилтан байсан бол тус тус хараат байдал алдагдсанд тооцно.

5.45.“Баталгаажуулах ажлын үйлчлүүлэгчийн Удирдах Зөвлөлийн гишүүн буюу захирлын алба хашсан байдал”-тай холбоотой хараат бус байдал алдагдах тохиолдлууд нь:

• аудитын байгууллагын партнер эсвэл ажилтан баталгаажуулах ажлын үйлчлүүлэгчийн удирдах зөвлөлийн дарга, эсвэл албан тушаалтнаар ажиллаж байвал,

• аудитын байгууллагын партнер эсвэл ажилтан аудитын үйлчлүүлэгч компанийн нарийн бичгийн даргаар ажилладаг бол тус тус хараат байдал алдагдана.

5.46. “Ахлах тушаалын ажилтан баталгаажуулах ажлын үйлчлүүлэгчтэй удаан хугацаанд хэлхээ холбоотой байх”-тай холбоотой хараат бус байдал алдагдах тохиолдлууд нь:

• Аливаа нэгэн үйлчлүүлэгчийн баталгаажуулах ажилд тухайн нэг ахлах ажилтныг 5-аас дээш жилийн хугацаагаар оролцуулах

• Багийн ахлагчийг аудитын ажилд 5-аас дээш жилийн хугацаагаар оролцуулах зэрэг болно.

5.47. “Баталгаажуулалтын бус үйлчилгээг баталгаажуулах ажлын үйлчлүүлэгчид үзүүлэх”-тэй холбогдсон хараат бус байдал алдагдах тохиолдлууд нь:

• Аудитын байгууллагуудаас баталгаажуулалтын бус менежментийн зөвлөх дараах үйлчилгээг аудитын үйлчлүүлэгчид үзүүлсэн тохиолдолд хараат бус байдал алдагдана. Үүнд:

- Ажил гүйлгээг зөвшөөрөх, гүйцэтгэх буюу дуусгах, эсвэл баталгаажуулах ажлын үйлчлүүлэгчийн нэрийн өмнөөс эрх мэдлийг хэрэгжүүлэх буюу ийнхүү гүйцэтгэх эрх мэдэлтэй байх;

- Аудитын байгууллагын аль зөвлөмжийг хэрэгжүүлвэл зохихыг тодорхойлох ;
- Удирдлагын үүргийн дагуу засаглалын эрх бүхий этгээдэд тайлагнах зэрэг болно.

• Аудитын байгууллагуудаас баталгаажуулалтын бус үйлчилгээний чанартай дараах үйл ажиллагааг үйлчлүүлэгчид үзүүлсэн тохиолдолд хараат бус байдал алдагдана. Үүнд:

- Баталгаажуулах ажлын үйлчлүүлэгчийн хөрөнгийг хадгалах;
- Баталгаажуулах ажлын үйлчлүүлэгчийн ажиллагчдыг өөрийн байнгын давтагддаг ажлаа гүйцэтгэхэд нь хяналт тавих;

- Ажил гүйлгээ гарсныг нотолсон эх баримтыг цахим буюу бусад хэлбэрээр бэлтгэх (тухайлбал, худалдан авалтын захиалга, ажлын цагийн бүртгэл болон үйлчлүүлэгчийн захиалга бэлтгэх гэх мэт) зэрэг болно.

5.48. “Нягтлан бодох бүртгэлийн баримтууд ба санхүүгийн тайланг бэлтгэх”-тэй холбогдсон хараат бус байдал алдагдах тохиолдлууд нь:

• Аудитын байгууллага нягтлан бодох бүртгэлийн баримтуудыг хөтлөх, эсвэл санхүүгийн тайланг бэлтгэхэд оролцсон хир нь уг санхүүгийн тайланд тус аудитын байгууллагаас аудит хийдэг бол:

• Аудитын байгууллага үйлчлүүлэгчийнхээ нягтлан бодох бүртгэлийн баримтуудыг хөтлөх, санхүүгийн тайланг бэлтгэхэд туслалцаа үзүүлж, удирдлагын шийдвэр гаргадаг бол,

5.49.“Үнэлгээний үйлчилгээ үзүүлэх”-тэй холбогдсон хараат бус байдал алдагдах тохиолдлууд нь:

• Аудитын байгууллага аудитын үйлчлүүлэгчийн санхүүгийн тайланд тусгагдах үнэлгээг гүйцэтгэн өгч, дараа нь уг байгууллагын санхүүгийн тайланг баталгаажуулдаг бол,

• Үнэлгээний үйлчилгээ нь санхүүгийн тайланд тусгагдсан материаллаг зүйлийг хамарсан бөгөөд тэрхүү үнэлгээнд субьектив хандлага ихээхэн хэмжээгээр агуулагдсан байгаа бол тус тус хараат бус байдлыг алдагдуулна.

5.50. “Аудитын үйлчлүүлэгч нь дотоод аудитын үйлчилгээ үзүүлэх”-тэй холбогдсон хараат бус байдал алдагдах тохиолдол нь:

- Аудитын байгууллага аудитын үйлчлүүлэгчид дотоод аудитын үйлчилгээ үзүүлж, дараа нь хөндлөнгийн баталгаажуулах үйл ажиллагаа явуулдаг бол хараат бус байдал алдагдсанд тооцно.

5.51. “Мэдээллийн технологийн үйлчилгээг аудитын үйлчлүүлэгчид үзүүлэх”-тэй холбогдсон хараат бус байдал алдагдах нөхцөлүүд нь:

• Үйлчлүүлэгчийн санхүүгийн тайлан гаргахтай холбогдсон мэдээллийг боловсруулах, санхүүгийн мэдээллийн технологийн системийг зохиох болон хэрэгжүүлэх үйлчилгээг аудитын байгууллага аудитын үйлчлүүлэгчдэд үзүүлдэг бол,

• Үйлчлүүлэгчийн санхүүгийн тайлан гаргахтай холбогдсон мэдээллийг боловсруулахад хэрэглэгдэх санхүүгийн мэдээллийн системийг зохиох буюу хэрэгжүүлэх ажлын аль нэгийг багтаасан үйлчилгээг аудитын байгууллагаас аудитын үйлчлүүлэгчид үзүүлдэг бол тус тус хараат бус байдлыг алдагдуулна.

5.52. “Аудитын үйлчлүүлэгчдэд өөрийн ажилтныг түр томилон ажиллуулах”-тай холбогдсон хараат бус байдал алдагдах нөхцөл нь:

• Аудитын байгууллага ажилтнаа аудитын үйлчлүүлэгчид түр хугацаагаар томилон, үйлчлүүлэгчийн данс бүртгэл юмуу санхүүгийн тайланг бэлтгэхэд нөлөөлөх алба хашуулж байгаа үед хөндлөнгийн аудит хийвэл хараат бус байдал алдагдана.

5.53. “Шүүх ажиллагаанд дэмжих үйлчилгээг аудитын үйлчлүүлэгчид үзүүлэх”-тэй холбогдсон хараат бус байдал алдагдах нөхцөлүүд нь:

• Аудитын үйлчлүүлэгчид үзүүлсэн шүүх ажиллагааг дэмжих үйлчилгээ нь боломжит үр дагаврыг тооцоолох ажлыг хамардаг бөгөөд ингэснээр санхүүгийн тайланд тусгагдах дүн буюу тодруулгад тэр нь нөлөөлдөг бол

• Хэрэв тухайн аудитын байгууллага аудитын үйлчлүүлэгчийн нэрийн өмнөөс удирдлагын шийдвэр гаргах үүрэг хүлээсэн байвал тус тус хараат бус байдлыг алдагдуулна.

5.54.“Аудитын үйлчлүүлэгчдэд хуулийн үйлчилгээ үзүүлэх”-тэй холбоотой хараат бус байдал алдагдах нөхцөлүүд нь:

• Аудитын байгууллага болон ажилтан аудитын үйчлүүлэгч байгууллагад хуулийн үйлчилгээ үзүүлж, тэр нь материаллаг нөлөө үзүүлэхүйц байгаа тохиолдолд аудит хийвэл,

• Ажил гүйлгээг хэрэгжүүлэхэд аудитын үйлчлүүлэгчид дэмжлэг үзүүлэх хуулийн үйлчилгээ (тухайлбал, гэрээний дэмжлэг, хуулийн зөвлөгөө, хуулийн дагуу хянамгай хандах болон өөрчлөн зохион байгуулах) үзүүлдэг, тэр нь өөрийгөө эргэн хянах нөхцөлийг хангаж чадахгүй нөхцөлд аудит хийвэл,

• Аудитын үйлчлүүлэгчийн санхүүгийн тайлангийн хувьд материаллаг гэж тооцогдох дүн хэмжээтэй холбогдсон маргааныг шийдвэрлэхэд, эсвэл шүүхийн ажиллагаанд аудитын үйлчлүүлэгчийн төлөө оролцсон нөхцөлд аудит хийвэл,

• Аудитын байгууллагын партнер эсвэл ажилтныг аудитын үйлчлүүлэгчийн хуулийн асуудал эрхэлсэн ерөнхий зөвлөхөөр томилсон нөхцөлд аудит хийвэл тус тус хараат бус байдлыг алдагдуулна.

5.55. ”Ахлах тушаалын удирдах ажилтанг ажилд авах”-тай холбогдсон хараат бус байдал алдагдах нөхцөл нь:

- Ахлах тушаалын удирдах ажилтанг үйлчлүүлэгчийн баталгаажуулах ажлын шалгах ажилд нөлөө үзүүлэхүйц албан тушаалд авсан тохиолдолд хараат бус байдал алдагдана

5.56. “Байгууллагын санхүүгийн албаны үүрэг ба түүнтэй адилтгах үйл ажиллагаа эрхлэх”-тэй холбогдсон хараат бус байдал алдагдах тохиолдлууд нь:

• Байгууллагын санхүүгийн үйлчилгээ, зөвлөгөө буюу туслалцааг тухайлбал, хувьцааг сурталчлах, арилжих буюу андеррайтерийн үүрэг гүйцэтгэх, эсвэл ажил гүйлгээний нөхцлийг баталгаажуулах ажлын үйлчлүүлэгчид үүрэг болгох буюу үйлчлүүлэгчийн нэрийн өмнөөс ажил гүйлгээг дуусгах зэрэг баталгаажуулах ажлыг үйлчлүүлэгчид үзүүлбэл

• Байгууллагын санхүүгийн бусад үйлчилгээ тухайлбал, байгууллагын стратегийг боловсруулах, үйлчлүүлэгчийн шаардлага, шалгуурт нийцсэн хөрөнгийн эх үүсвэрийг олж тогтоох, тэдгээрт шаардлагатай эх үүсвэрийг түүнд танилцуулах, санал болгосон ажил гүйлгээний нягтлан бодох бүртгэлийн үр нөлөөг судалж шинжлэх, бүтэц зохион байгуулалтын холбогдолтой зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлбэл тус тус хараат бус байдал алдагдана.

5.57. “Аудитын үйлчилгээний төлбөр болон үнэ тогтоох”-той холбогдсон хараат бус байдал алдагдах нөхцөлүүд нь:

• Баталгаажуулах ажлын үйлчлүүлэгчээс авсан нийт төлбөр нь тухайн мэргэшсэн нягтлан бодогчдын байгууллагын нийт орлогын ихээхэн хэсгийг бүрдүүлж байгаа үед тэрхүү үйлчлүүлэгч буюу бүлэг үйлчлүүлэгчээс хараат байгаа юмуу үйлчлүүлэгчээ алдаж болзошгүй гэдэг бодлоор аливаа нэг хандлага гаргаж байгаа бол

• Баталгаажуулах ажлын үйлчлүүлэгчийн төлбөл зохих төлбөр удаан хугацаагаар төлөгдөөгүй хэвээр үлдсэн ялангуяа, хэрэв мэдэгдэхүйц хэсэг нь дараачийн жилийн баталгаажуулалтын тайланг гаргахаас өмнө төлөгдөөгүй үед дараагийн үйлчилгээг үзүүлсэн бол,

• Өмнөх аудитын байгууллагын төлснөөс эсвэл бусад аудитын байгууллагаас тогтоосноос мэдэгдэхүйц бага төлбөрөөр баталгаажуулах ажлыг гүйцэтгэсэн боловч үүнээс үүсэх сөрөг нөлөөг багасгах зорилгоор тухайн ажил үүргийг зохистой хугацаанд нь бага зардлаар гүйцэтгэх мэргэшсэн ажилтныг томилон ажиллуулах чадвартайгаа илтгэн харуулах мөн хэрэглэгдвэл зохих баталгаажуулалтын бүх стандарт, удирдамж болон чанарын хяналтын горимуудыг дагаж мөрдөх талаар шаардлага хангаагүй бол,

• Аудитын байгууллага нь баталгаажуулалтын ажлын үр дүнгээс хамаарах болзолт үнэ хөлс тогтоосон бол

(Болзолт төлбөр гэдэг нь үйлчилгээний үр дүн буюу үр дагавар, эсвэл гүйцэтгэсэн ажлын эцсийн үр дүнтэй холбож ажлын хөлсний хэмжээг тооцсон төлбөр юм)

• Баталгаажуулах ажлын үйлчлүүлэгчид үзүүлсэн баталгаажуулалтын бус үйлчилгээний болзолт үнэ хөлс тогтоосон бол

• Үйлчлүүлэгчийн удирдах ажилтанд гэрээт ажлын хөлснөөс ямар нэг хэмжээгээр өгөх нөхцөлтэйгээр үйлчилгээ үзүүлэхээр тохиролцох зэрэгт тус тус хараат бус байдал алдагдана.

5.58. “Бэлэг авах болон дайллагад оролцох”-той холбоотой хараат бус байдал алдагдах нөхцөл нь

• Баталгаажуулах ажлын үйлчлүүлэгчээс үнэ өртгөөрөө зөвшөөрөгдсөн хэмжээнээс их бэлэг, дурсгалын зүйл хүлээн авах, эсвэл дайлуулах явдал нь хараат бус байдлыг алдагдуулахад хүргэнэ

5.59. ”Үйлчлүүлэгчтэйгээ харилцаа муудсаны улмаас шүүх үйл ажиллагаанд оролцох”-той холбогдсон хараат бус байдал алдагдах нөхцөл нь:

• аудитын байгууллага юмуу баталгаажуулах ажлын багийн гишүүн болон баталгаажуулах ажлын үйлчлүүлэгчийн хооронд шүүхэд зарга үүсгэх, сүрдүүлэх зэрэгтэй холбоотой шүүх ажиллагаа эхэлсэн, эсвэл эхэлж магадгүй нөхцөлд хараат бус байдал алдагдаж болзошгүйд хүрнэ.

 

Зургаадугаар зүйл. Мэдээллийн нууцыг хадгалах

6.1 Мэдээллийн нууцыг хадгална гэдэг нь мэдээллийг бусадтай хуваалцахгүй байхын зэрэгцээ уг мэдээллийг хувийн, эсвэл аль нэгэн гуравдагч талын ашиг сонирхол, давуу талд ашиглуулахгүй байх талаар мэргэшсэн нягтлан бодогчийн хүлээх хариуцлага юм.

6.2 Мэргэшсэн нягтлан бодогч үйлчлүүлэгчийн мэдээллийн нууцыг хадгална. Энэ үүрэг нь үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээт ажлын хугацаа дууссан төдийгүйь хоорондын харилцааь хамтын ажиллагаа дуусгавар болсны дараа ч хэвээр хадгалагданав

6.3 Мэргэшсэн нягтлан бодогч нь өөрийн туслагчид мэдээллийн нууцыг хадгалах үүргийг танилцуулжь дагаж мөрдүүлэх үүрэг хүлээнэ.

6.4. Мэдээллийг зөвшөөрөлгүйгээр бусдад ашиглуулахгүй гэсэн итгэлийг үйлчлүүлэгчид мэргэшсэн нягтлан бодогчид ажлын гэрээ болон бусад албан ёсны баримт бичгээр баталгаажуулж өгсөн байх ёстой. Ажил мэргэжлийн стандартын дагуу аудитын байгууллагын дотоод хяналт болон мэргэжлийн удирдах байгууллагын чанарын хяналтын явцад ажил үүрэг, хариуцлагаа үнэлүүлэх шаардлагаар нууц мэдээллийг бусад мэргэшсэн нягтлан бодогчид мэдээлэх нь энэ шаардлагад хамаарахгүй.

6.5. Нууц мэдээллийг бусдад ашиглуулж болох эсэхийг шийдвэрлэхдээ дараах нөхцлүүдийг харгалзан үзвэл зохино. Үүнд:

(а) Мэдээллийг бусдад ашиглуулахыг зөвшөөрсөн тохиолдол байж болно. Мэдээллийг үйлчлүүлэгч буюу ажил олгогчоос зөвшөөрсөн тохиолдолд бүх талууд түүний дотор ашиг сонирхол нь хөндөгдөж болох гуравдагч талуудын ашиг сонирхлыг харгалзан үзнэ.

(б) Мэдээллийг бусдад ашиглуулахыг хуулиар шаардсан тохиолдол байж болно. Энэ нь нууц мэдээллийг бусдад ашиглуулахыг мэргэжлийн нягтлан бодогчоос хуулиар шаарддаг тохиолдлууд юм. Жишээлбэл:

(1) Хуулийн байгууллагын хяналт шалгалтад шаардлагатай баримт материал, мэдээлэл, нотолгоо гаргах

(2) Хууль зөрчсөн илрэлийг эрх бүхий холбогдох байгуулагуудад мэдээлэх.

(в) Мэргэжлийн үүрэг болон эрхийн дагуу мэдээллийг бусдад ашиглуулах тохиолдол байж болно. Үүнд:

(1) Техникийн стандарт болон ёс зүйн шаардлагыг мөрдөхийн тулд, мэдээллийг бусдад ашиглуулах;

(2) Мэргэшсэн нягтлан бодогчийн мэргэжлийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд дээд шатны байгууллагаас холбогдох материалыг шаардах;

(3) Гишүүн байгууллагын, эсвэл мэргэжлийн байгууллагын (эсвэл түүнтэй адилтгах байгууллагын) дотоод хяналтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан чанарын хяналт тавих материалыг бэлтгэж ашиглах,

(4) Гишүүн байгууллагын эсвэл зохицуулах байгууллагын асуулга, судалгаанд хариу өгөх зорилгоор тус тус мэдээллийг бусадтай хамтран ашиглаж болно.

6.6. Нууц мэдээллийг бусадтай хамтран ашиглаж болно гэж мэргэшсэн нягтлан бодогч шийдсэн тохиолдолд доор дурьдсан хүчин зүйлийг харгалзан үзвэл зохино. Үүнд:

а) Ашиглаж байгаа мэдээ баримтууд нь үндэслэлтэй эсэхийг юуны өмнө харгалзана. Өөрөөр хэлбэл, үндэслэлгүй баримт мэдээлэл, дүгнэлтийг ашигласнаар үүсэх сөрөг үр дагаврыг харгалзвал зохино.

б) Мэдээллийг ямар хэлбэрээр ашиглах, хэнд хаяглах, хаяглагдсан талууд нь зохих хүлээн авагч мөн бөгөөд мэдээллийн мөрөөр арга хэмжээ авах үүрэгтэй эсэхийг магадлаж харгалзана.

в) Мэдээлсэний улмаас мэргэшсэн нягтлан бодогч хуулийн аливаа хариуцлага хүлээх эсэх, түүний үр дагаврыг харгалзана.

Дээрх бүх нөхцөл байдалд мэргэшсэн нягтлан бодогч нар хуулийн зөвлөх буюу мэргэжлийн холбогдох байгууллагатай зөвлөлдөх нь зохистой.

 

Долоодугаар зүйл. Техник арга зүйн стандартуудыг баримтлах

7.1.Мэргэшсэн нягтлан бодогч нь мэргэжлийн үйлчилгээг техникийн арга зүйн болон мэргэжлийн зохих стандартын дагуу гүйцэтгэнэ.

7.2. Техникийн арга зүйн стандартууд гэдэг нь нягтлан бодох бүртгэл, аудитын олон улсын болон үндэсний стандартууд, төрийн болон мэргэжлийн, олон нийтийн байгууллагаас гаргасан бүртгэл, аудитын үйл ажиллагааны удирдамж болох баримт бичгүүдийг ойлгоно.

7.3. Мэргэшсэн нягтлан бодогчид болон аудитын байгууллага үйлчлүүлэгч буюу ажил олгогчийн зааварчилгаа нь шударга ёс, бодит байдал, хараат бус байх шаардлагад нийцэж байвал анхааралтай, ур чадвартайгаар биелүүлэх үүрэгтэй.

7.4. Мэргэшсэн нягтлан бодогч болон аудитын байгууллага нь дараах байгууллагаас батлан гаргасан техникийн арга зүйн болон мэргэжлийн стандартуудыг мөрдөнө.

а) Олон улсын нягтлан бодогчдын холбоо

б) Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын зөвлөл

в) Гишүүнчлэл бүхий мэргэжлийн байгууллага буюу зохицуулагч бусад байгууллага

г) Төрийн холбогдох хууль, тогтоомж

 

Наймдугаар зүйл. Мэргэжлийн нэр хүндийг дээдлэх

8.1. Мэргэшсэн нягтлан бодогч нь мэргэжлийнхээ нэр хүндийг өндөрт өргөх арга барилаар ажиллах бөгөөд мэргэжлийн нэр хүндэд харшлах аливаа үйлдлээс зайлсхийнэ.

8.2. Мэргэжлийн нэр хүндэд харшлах аливаа үйлдлээс зайлсхийх үүрэг нь ОУНБХ-ны гишүүн байгууллагуудаас боловсруулсан ёс зүйн шаардлага, үйлчлүүлэгч, гуравдагч тал, нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн бусад хүмүүс, ажилтан, ажил олгогч болон олон нийтийн өмнө мэргэшсэн нягтлан бодогчдын хүлээх үүрэг хариуцлагаар тодорхойлогдох бөгөөд түүнийг биелүүлэх нь мэргэшсэн нягтлан бодогчдын нэр хүндийн хэрэг мөн.

8.3. Мэргэжлийн нэр хүндийг унагасан аливаа үйлдлийг ёс зүйн зөрчил гэж үзнэ.

 

Есдүгээр зүйл. Татварын үйлчилгээнд ёс зүйн зарчмыг баримтлах

9.1 Татварын тооцооны үйлчилгээ үзүүлж байгаа мэргэшсэн нягтлан бодогч нь төрийн хууль, тогтоомж, мэргэжлийн ёс зүйн дүрэм зөрчихгүйгээр үйлчлүүлэгч байгууллагад хамгийн ашигтай хувилбарыг тодорхойлон өгөхийг эрмэлзэнэ.

9.2 Татварын тооцооны тайланг бэлтгэхэд туслалцаа үзүүлж байгаа мэргэшсэн нягтлан бодогчийн үйл ажиллагаа нь татварын эрх зүйн тогтолцоо, түүний хэрэглээний талаарх мэдлэг, дадлагадаа тулгуурлан зөвлөлгөө өгөх хэлбэртэй байж болно.

9.3 Үйлчлүүлэгч татварын тооцоонд байгаа алдааг засахаас татгалзвал мэргэшсэн нягтлан бодогч үйлчилгээ үзүүлэхээс татгалзана.

9.4 Татварын тайлангийн агуулгын төлөөх хариуцлагыг үйлчлүүлэгч буюу ажил олгогч хүлээнэ гэдгийг татварын тайланг бэлтгэсэн болон бэлтгэхэд туслалцаа үзүүлсэн мэргэшсэн нягтлан бодогч үйлчлүүлэгч буюу ажил олгогчид мэдэгдэх үүрэг хүлээнэ.

9.5 Мэргэшсэн нягтлан бодогч доорхи тохиолдолд татварын тайлан боловсруулах үйл ажиллагаанаас татгалзвал зохино. Үүнд:

а) Худал хуурмаг, төөрөгдөлд оруулахуйц мэдээллийг агуулсан байх,

б) Үнэн бодитойг шалган тогтоох боломжгүй мэдээллийг агуулсан байх,

в) Эрх бүхий татварын байгууллагыг төөрөгдөлд оруулах зорилгоор зарим мэдээллийг бүрхэгдүүлсэн, орхигдуулсан байх зэрэг тохиолдолд татварын тайлан боловсруулахаас татгалзана.

9.6 Хэрэв мэргэшсэн нягтлан бодогч урьд жилийн татварын тооцооны тайланд материаллаг алдаа байгааг илрүүлбэл үйлчлүүлэгч байгууллагад зөвлөлгөө өгөхийн зэрэгцээ татварын байгууллагад энэ талаар мэдэгдэхийг зөвлөнө. Мэргэшсэн нягтлан бодогч нь бусад этгээдэд энэ талаар мэдээлэх үүрэг хүлээхгүй, бас үйлчлүүлэгч байгууллагын зөвшөөрөлгүйгээр мэдээ дамжуулах эрхгүй байна. Энэ талаар үйлчлүүлэгч буюу ажил олгогч байгууллага алдаа дутагдлаа засахгүй бол мэргэшсэн нягтлан бодогч татварын тайлан бэлтгэх үйл ажиллагаанд оролцохоос татгалзаж, цаашид уг байгууллагатай хамтран ажиллах эсэхээ шийдвэрлэнэ.

Аравдугаар зүйл. Зарлал, сурталчилгааны болон өрсөлдөөний үеийн ёс зүйн асуудал

10.1. Мэргэшсэн нягтлан бодогчид өөрийнхөө болон ажлынхаа талаар сурталчлах, зах зээлд санал болгон мэдээлэхдээ:

а) Мэргэжлийн нэр хүндийг унагаах аргыг үл хэрэглэнэ.

б) Үзүүлж чадах үйлчилгээ, эзэмшсэн мэргэжлийн мэдлэг, ур чадвар хуримтлуулсан туршлагаа хэтрүүлж дэвэргэж сурталчлахгүй байх

в) Бусад нягтлан бодогчдын ажлыг муучлан гутаахгүй байвал зохино.

10.2. Зарлал, сурталчилгаа нь олон нийтэд бодитой арга хэлбэрээр мэдээлэл өгөхөд чиглэгдсэн, зохистой, шударга, үнэн зөв бөгөөд үйлчлүүлэгчид ойлгомжтой, энгийн байх ёстой. Бусдыг тулган шаардсан юмуу залхаасан байдлаар сурталчилгаа явуулахыг хориглоно.

10.3. Нийтэд үйлчилгээ үзүүлдэг мэргэшсэн нягтлан бодогчид, аудитын байгууллагын талаар явуулах зарлал, сурталчилгаа нь мэргэшсэн нягтлан бодогч болон байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээний тухай бодит мэдээллийг өргөн олон нийтэд мэдээлэхэд чиглэгдэнэ. Энэхүү зарлал, сурталчилгаа нь шударга, зүй зохистой, төөрөгдөлд оруулахааргүй байвал зохино.

10.4. Дараах шинж чанар, утга санааг агуулсан зарлал, сурталчилгаа нь нийтэд үйлчилгээ үзүүлдэг мэргэшсэн нягтлан бодогчид болон аудитын байгууллагын мэргэжлийн ёс зүйд үл нийцнэ. Үүнд:

а) Ирээдүйд нааштай үр дүнд хүрнэ гэсэн худал, хуурмаг, үндэслэлгүй төсөөлөл бий болгох

б) Аливаа шүүх, өмгөөлөгч, зохицуулагч (удирдах) байгууллага болон түүнтэй ижил төрлийн байгууллага, албан тушаалтанд нөлөөлж чадна гэсэн ойлголт өгөх

в) Шалган тогтоож болохуйц баримтад үндэслээгүй, өөрийгөө дөвийлгөн магтсан агуулгатай мэдэгдэл гаргах

г) Нийтэд үйлчилдэг бусад мэргэшсэн нягтлан бодогч, итгэмжлэгдсэн байгууллагатай харьцуулалт хийсэн сурталчилгаа гаргах

д) Үйлчлүүлэгчээ илт дэмжсэн юмуу хаацайлан хамгаалсан байдлыг агуулах

е) Өөрийн тухай бусад хүмүүсийн магтаал агуулсан мэдээ, мэдээлэл тараах

ж) Нягтлан бодох бүртгэлийн тодорхой салбарт сайн шинжээч юмуу онцгой мэргэжилтэн байж чадна хэмээн үндэслэлгүй мэдэгдэх

з) Үйлчилгээнийхээ үнэ хөлсийг бусад өрсөлдөгчтэй харьцуулахад илүү хямд гэж сурталчлах

и) Жирийн хүн буруу ойлгох юмуу төөрөгдөлд ороход хүргэж болох аливаа бусад зүйлс агуулсан мэдээлэл тараах зэрэг нь мэргэжлийн ёс зүйд үл нийцнэ.

10.6. Нийтэд үйлчилдэг мэргэшсэн нягтлан бодогч болон аудитын байгууллагыг дараах төрлийн зарлал, сурталчилгаа явуулахыг зөвшөөрнө.

а) Мэргэшсэн нягтлан бодогчийн улс, орон нутгийн чанартай аливаа томилгоо болон цол, зэргийн талаар нийтэд мэдээлэх

б) Мэргэшсэн нягтлан бодогч болон аудитын байгууллага нь зөвшөөрөгдсөн үйлчилгээний чиглэлийн шинэ түншлэл юмуу илүү цалин, хөлстэй ажил эрэлхийлж байгаагаа аливаа мэдээллийн хэрэгслэлээр сонирхогч талуудад мэдээлэх

в) Аливаа лавлагааны ном, хэвлэлд нэрээ оруулах

г) Мэргэжлийн асуудлаар ном болон өгүүлэл бичдэг мэргэшсэн нягтлан бодогч өөрийн нэр, мэргэжлийн цол зэргээ дурдах болон байгууллагын нэрийг ашиглах

д) Мэргэшсэн нягтлан бодогч, ажилтнуудад туслахаар зохион байгуулж байгаа сургалт болон семинаруудад үйлчлүүлэгч, ажилтнууд, мэргэжлийн бусад нягтлан бодогчдыг өөрсдөө сайн дураар хүсэлт гаргасан бол урьж оролцуулж болно.

е) Мэргэшсэн нягтлан бодогчийн нэрийг агуулсан бөгөөд бусад ажилтнууд болон үйлчлүүлэгчдэд туслалцаа үзүүлэх техникийн мэдээлэл өгөх зориулалттай ном, товхимол болон бусад баримт бичгийг хүмүүст буюу мэргэжлийн бусад нягтлан бодогчдод өөрсдийнх нь хүсэлтээр олгож болно.

ж) Нийтэд үйлчилдэг мэргэшсэн нягтлан бодогчдын байгууллага ажлын байрны талаар оюутнууд болон төгсөгчдөд мэдээллэхээс гадна сул орон тоондоо мэргэшсэн нягтлан бодогчийг хэвлэл, мэдээллийн хэрэгслэлээр зарлаж, олж авч болно.

з) Нийтэд үйлчилдэг мэргэшсэн нягтлан бодогчид болон аудитын байгууллага үйлчлүүлэгчдийнхээ нэрийн өмнөөс ажилчдын төлөө мэдээлэл хийж болно. Ийм мэдээллийн гол агуулга нь үйлчлүүлэгчийн төлөөх зорилгод нийцсэн байна.

и) Үйлчлүүлэгч нартаа болон хүсэлт тавьсан үйлчлүүлэгч бус этгээдэд:
• Үзүүлж буй үйлчилгээгээ баримт мэдээнд тулгуурлан бодитой үг хэллэгээр илэрхийлсэн танилцуулга,

• Үйлчлүүлэгчийн нэр, албан газрын хаяг, хамсаа компаниудын болон харилцагчдын нэр, хаяг бүхий лавлахыг гаргаж өгч болно.

к) Нийтэд үйлчилдэг мэргэшсэн нягтлан бодогчид болон аудитын байгууллагын партнерын бүтцэд гарсан өөрчлөлт, тэрчлэн хаягийн өөрчлөлтийн талаар тохиромжтой сонин сэтгүүлээр нийтэд мэдээлж болно.

10.7. Үйлчлүүлэгчийн гаргаж байгаа баримт бичигт нийтэд үйлчилдэг мэргэшсэн нягтлан бодогчийн нэрийг дараах тохиолдолд оруулж болно.

а) Үйлчлүүлэгчийн одоогийн бизнесийн үйл ажиллагааны асуудлаар болон шинэ бизнес эрхлэх болсонтой холбогдуулан нийтэд үйлчилдэг мэргэшсэн нягтлан бодогчийн гаргасан тайланг хэвлэн нийтлэхийг үйлчлүүлэгч санал болгосон нөхцөлд тухайн тайлантай хамт нийтэлсэн зүйлийн утга агуулгаас хамаарч гаргасан тайлангийн шинж байдал, утга санааны талаар олон нийт төөрөгдөлд орохооргүй байх нөхцөлөөр зөвшөөрч болно. Гэхдээ уг баримт бичиг (тайлан)-ийг нийтлэхээс өмнө эхлээд зөвшөөрөл авах ёстойг үйлчлүүлэгчид зөвлөвөл зохино.

б) Мэргэшсэн нягтлан бодогч нь хувь хүний үүргээрээ аливаа байгууллагатай холбоотой буюу тэрхүү байгууллагад албан тушаалтай бол, тухайн байгууллага албан бичиг, хуудас болон бусад баримт бичигт тэдний нэр, мэргэжлийн зэрэглэлийг ашиглаж болно. Энэхүү мэдээллийг мэргэшсэн нягтлан бодогч мэргэжлийн хараат бус ажил үүргийн хувьд тус байгууллагатай холбоотой гэж олон нийт ойлгоход хүргэж болзошгүй байдлаар ашиглуулахгүй байх явдлыг хангах үүрэгтэй.

10.8. Мэргэшсэн нягтлан бодогч болон аудитын байгууллагын өрсөлдөөний талбар нь үйлчилгээний чанар, мэдлэг, дадлага, туршлага, зарим өвөрмөц салбарын мэдлэг, зөвлөгөөний өгөөж зэрэгтэй холбоотойгоор хуримтлагдан бий болох нэр хүнд, олон түмний итгэл хүлээх явдал байна.

10.9. Бусад мэргэшсэн нягтлан бодогчийн нэр төрд харшилж болох аливаа үйлдэл хийхийг эрс хориглоно.

Арван нэгдүгээр зүйл. Үйлчилгээний төлбөрийн ёс зүйн асуудал

11.1. Нийтэд үйлчилдэг мэргэшсэн нягтлан бодогчид болон аудитын байгууллага нь үзүүлсэн үйлчилгээнийхээ төлөө хөлс авах эрхтэй.

11.2. Үйлчилгээний ажлын үнэ хөлс нь үйлчлүүлэгч нарт үзүүлсэн үйлчилгээний үнэ цэнийг шударгаар тооцоолж, дараах зүйлүүдийг харгалзсан байх ёстой.

а) Тухайн төрлийн мэргэжлийн үйлчилгээнд шаардагдах ур чадвар ба мэдлэг

б) Мэргэжлийн тухайн үйлчилгээг гүйцэтгэхээр зайлшгүй ажиллах хүний сургалтын болон туршлагаар олж авсан мэдлэгийн түвшин

в) Ажиллах хүн тус бүрийн болон багийн зайлшгүй зарцуулах цаг хугацаа

г) Эдгээр үйлчилгээг үзүүлэхэд үүсэх үүрэг хариуцлагын түвшин

11.3. Үйлчилгээний үнэ хөлс нь гүйцэтгэсэн ажлын хэмжээнээс хамаарах бөгөөд түүнд мэргэшсэн нягтлан бодогч, бусад ажилтнуудын цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, үйл ажиллагааны зардал, хүлээх хариуцлагын нөхвөр болон бусад зардал, байгууллагын ашиг хуримтлалыг тусгасан байвал зохино.

11.4. Үйлчилгээний үнэ хөлснөөс гадна үйлчилгээний явцад гарах тээвэр, хоол унд, байр зэрэгтэй холбогдон гарах зардлыг гэрээнд тусад нь тусгаж үйлчлүүлэгчээс гаргуулж болно.

11.5. Нийтэд үйлчлэх үйлчилгээний ажлын үнэлгээ, төлбөрийг уг үйлчилгээ гүйцэтгэхээр ажиллах хүн тус бүрийн болон багийн зарцуулсан хугацааны 1 цагт буюу 1 өдөрт ноогдох зохистой үнэлгээг үндэслэн тооцно. Эдгээр үнэлгээ нь нийтэд үйлчилдэг мэргэшсэн нягтлан бодогч болон аудитын байгууллагын ажлын зохион байгуулалт, эрхлэх үйл ажиллагаанаас шууд хамааралтай байна.

11.6. Үйлчилгээний үнэ хөлс нь үйлчилгээний үр дүнгээс шалтгаалан өөрчлөгдөх, эсвэл тодорхой хувиар өсөх буюу буурах хандлагыг агуулж болохгүй.

11.7. Хэрэв үйлчилгээ үзүүлэх гэрээг тохиролцох үеэр мэргэжлийн тусгайлсан үйлчилгээний төлбөрийг бүхэлд нь юмуу эсвэл түүний зарим хэсгийг өөр төрлийн үйлчилгээний үнэ хөлсөнд хамааруулан тооцохыг хориглоно.

11.8. Мэргэжлийн зарим үйлчилгээг урьдчилан зохицуулсан төлбөрөөр гүйцэтгэх зайлшгүй шаардлагатай юмуу зохимжтой байж болох боловч ийм тохиолдолд нийтэд үйлчилдэг мэргэшсэн нягтлан бодогч нь 11.2, 11.5 ба 11.7 дугаар зүйлд дурьдсан асуудлуудыг анхааран үзэж төлбөрийг тооцоолбол зохино.

11.9. Нийтэд үйлчилдэг мэргэшсэн нягтлан бодогч тухайн үйлчилгээнд урьд өмнө үзүүлж байсан адил төрлийн үйлчилгээнд ноогдуулсан төлбөрөөс бага хэмжээний төлбөрийг ногдуулах нь төлбөрийн жишгийг 11.2, 11.5 болон 11.7 дугаар зүйлд заасны дагуу тооцоолсон байх шаардлагад нийцэхгүй.

11.10. Үйлчилгээний төлбөрийг бусдаас доогуур тогтоох замаар ажлыг баталгаатай болгох нь зохисгүй явдал биш боловч өмнө юмуу одоо үйлчилгээ үзүүлж байгаа мэргэшсэн нягтлан бодогчийн ногдуулсанаас, эсвэл бусдаас санал болгосон хэмжээнээс мэдэгдэхүйц доогуур төлбөртэй ажил олж авсан нийтэд үйлчилдэг мэргэшсэн нягтлан бодогч ажлын чанар муудаж магадгүй гэж ойлгогдох эрсдэл байдгийг анхаарч байвал зохино.
Энэ зорилгоор мэргэжлийн үйлчилгээ үзүүлсэний төлбөрийг тогтоосон үед дараах нөхцөл хангагдсан гэдэгт мэргэшсэн нягтлан бодогч итгэлтэй болсон байвал зохино:

• Ажлын чанарыг муутгахгүйн тулд үзүүлж байгаа үйлчилгээг мэргэжлийн бүх стандарт болон чанарын хяналтын горимыг мөрдөж гүйцэтгэх боломжтой гэж үзсэн;

• Тогтоосон төлбөрөөр гүйцэтгэхээр зорьж байгаа үйлчилгээний хамрах хүрээ болон ирээдүйн үр дүнгийн талаар үйлчлүүлэгчийг төөрөгдөлд оруулахгүй байх боломжийг хангасан.

11.11. Үйлчлүүлэгч болон үйлчлэгчийн аль алины эрх ашгийн үүднээс, төлбөрийн талаар үл ойлголцлоос зайлсхийхэд туслах зорилгоор ажил эхлэхээс өмнө төлбөрийг тооцсон үндэслэл, түүнийг нэхэмжилж барагдуулах журмыг тохиролцож бичгээр баталгаажуулсан байвал зохино.

11.12. Хэрэв өмнө нь үзүүлсэн үйлчилгээний төлбөр удаан хугацаагаар төлөгдөөгүй, үргэлжилсэн, эсвэл мэдэгдэхүйц хэсэг нь төлөгдөөгүй байх нь дараагийн ажлыг гүйцэтгэхэд хараат бус байдлыг алдагдуулж болзошгүй тул ийм төлбөрийг дараагийн ажлын гэрээ байгуулахаас өмнө төлөхийг шаардаж, барагдуулсан байх ёстой.

11.13. Үйлчлүүлэгчээс бэлэг авах юмуу дайлуулах нь хувийн сонирхолын болон танил талын хараат бус байдлыг үүсгэж болзошгүй тул үйлчлэгч багийн гишүүн ялимгүй биш үнэ өртөгтэй бэлэг авах юмуу дайлуулж үл болно.

 

Арван хоёрдугаар зүйл. Эрхлэхийг хориглох үйл ажиллагаа

12.1. Мэргэшсэн нягтлан бодогч мэргэжлийн ёс зүйн зарчим болох шударга ёс, бодит болон хараат бус байдал, мэргэжлийн нэр хүндэд одоо болон ирээдүйд шууд юмуу дам байдлаар нөлөөлөх, эсвэл сөргөөр нөлөөлж болох бизнес, ажил мэргэжил, үйл ажиллагаанд оролцохыг хориглоно.

12.2. Нийтэд үйлчилдэг мэргэшсэн нягтлан бодогч нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн ёс зүйн үндсэн зарчмуудын дагуу мэргэжлийн үйл ажиллагааг зохих ёсоор явуулахад саад болох нөлөө бүхий бөгөөд аудитын байгууллагын үйл ажиллагааны хүрээнд зөвшөөрөгдсөн мэргэжлийн үйлчилгээтэй холбоогүй бизнес, ажил мэргэжил, үйл ажиллагаанд нэгэн зэрэг оролцох нь нийтэд үйлчилдэг мэргэшсэн нягтлан бодогчийн үйл ажиллагаанд үл нийцнэ.

12.3. Аудитын үйл ажиллагаа эрхэлдэг мэргэшсэн нягтлан бодогч нь Аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаас бусад бизнесийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.

 

Арван гуравдугаар зүйл. Хилийн чанад дахь үйл ажиллагаа

13.1. Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч гадаад оронд мэргэжлээрээ түр ажиллах, үйлчилгээ үзүүлэхдээ ёс зүйн дүрмийг чандлан сахиж, ур чадвараа дайчлан ажиллана.

13.2. Мэргэшсэн нягтлан бодогч өөр оронд оршин сууж мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх үед тухайн орны ёс жаягыг хүндэтгэн Олон улсын нягтлан бодогчдын холбооноос баталсан ёс зүйн хэм хэмжээг баримтлана.

13.3. Гадаад орны мэргэшсэн нягтлан бодогч Монгол оронд мэргэжлээрээ ажиллах, үйлчилгээ үзүүлэхдээ Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогчдын ёс зүйн дүрэм, ОУНБХ-ны ёс зүйн шаардлагын аль алиныг мөрдөнө.

 

Арван дөрөвдүгээр зүйл. Нийтэд үйлчилдэг мэргэшсэн нягтлан бодогчийн солигдох үеийн ёс зүй

14.1. Үйлчлүүлэгч нийтэд үйлчилдэг мэргэшсэн нягтлан бодогчийг сонгох, тэдгээрийг солих эрхтэй.

14.2. Нэг үйлчлүүлэгч байгууллагад ажиллах аудитын багийн бүрэлдэхүүн нь багийн ахлагч, бусад мэргэшсэн нягтлан бодогч туслах аудиторууд зэрэг бүрэлдэхүүнтэй байж болно. Үйлчлүүлэгч байгууллага хүсэлт гаргах эсвэл үндсэн багийн ахлагчийн санал болгосноор нарийн мэргэжлийн бусад мэргэшсэн нягтлан бодогчийг ажилд татан оролцуулж болно. Энэ тохиолдолд аудитын багийн ахлагчаас бусад мэргэшсэн нягтлан бодогч уг ажилд томилогдсоны давуу талыг ашиглан үйлчлүүлэгч байгууллагыг өөртөө татахыг оролдож үл болно.

14.3. Үйлчилгээ үзүүлж байгаа мэргэшсэн нягтлан бодогчийн ажил үүргийг зохих дүрэм, журмын дагуу өөр мэргэшсэн нягтлан бодогчид шилжүүлж болох бөгөөд энэ нөхцөлд үйлчлүүлэгчийн захиалгат ажлыг нь шинээр томилогдсон мэргэшсэн нягтлан бодогч өмнөх хамтын үйл ажиллагааг үргэлжлүүлэхийн хамт цаашдын үйл ажиллагааг гүйцэтгэх эрхтэй болно.

14.4. Ажлаа шилжүүлэн өгч байгаа мэргэшсэн нягтлан бодогч нь шилжүүлэн гүйцэтгэх ажлын талаар зааварчилгаа өгөхөөс гадна ажил хүлээн авагч мэргэшсэн нягтлан бодогчтой харилцан холбоотой хамтран ажиллаж, шаардлагатай ажил дээр туслалцаа үзүүлнэ.

14.5. Ажлаа шилжүүлж өгсөн мэргэшсэн нягтлан бодогч үйлчлүүлэгчийн зөвшөөрснөөр үйлчлүүлэгчийн талаар хүссэн холбогдох мэдээллээр ажил хүлээн авагч мэргэшсэн нягтлан бодогчийг хангах ёстой.

14.6. Үйлчлүүлэгч, үйлчлэгч хоёр талын болон аль нэг талын санаачилгаар үйлчилгээ үзүүлэгч солигдох үед үйлчлүүлэгч хориглоогүй бол шинэ үйлчлэгч нь өмнөх үйлчлэгчтэй уулзаж санал бодлыг сонсох ёстой. Мөн түрүүчийн үйлчлэгч шинэ үйлчлэгчид үйлчлүүлэгчийн бүртгэл, ажлын баримт материалыг өөртөө байлгах хууль ёсны эрхтэй биш бол нэн даруй шилжүүлэн өгч энэ тухайгаа үйлчлүүлэгчид мэдэгдэнэ.

 

Арван тавдугаар зүйл. Ёс зүйн шаардлагыг хэрэгжүүлэх (Ёс зүйн зөрчлийг шийдвэрлэх)

15.1.Мэргэшсэн нягтлан бодогч энэхүү Ёс зүйн дүрмийг чанд мөрдөх үүрэгтэй.

15.2. Мэргэшсэн нягтлан бодогчдын ёс зүйн дүрмийг хэрхэн хэрэгжүүлж байгаа байдалд ММНБИ-ийн Ёс зүйн хорооноос байнга хяналт тавина.

15.3. Ёс зүйн хороо:

15.3.1. Мэргэжлийн стандартуудыг дэмжиж хөгжүүлэх, Ёс зүйн дүрмийг дагаж мөрдөх явдлыг хангах, түүнийг дагаж мөрдөөгүй тохиолдолд уг асуудлыг судлан шалгаж шийдвэрлэх, хариуцлага тооцох үүрэгтэй.

15.3.2. Ёс зүйн хороо ёс зүйн хэрэгжилтэнд тус дөхөм үзүүлэхийн тулд ёс зүйн бүх шаардлага болон тэдгээрийг үл биелүүлэхийн үр дагаврыг гишүүн нэг бүрт ойлгуулахад чиглэсэн хөтөлбөр гаргаж, хэрэгжүүлнэ.

15.3.3. Ёс зүйн байдлын мэдээллийг гишүүдэд зориулсан гарын авлага, нийтлэл, мэргэжлийн сэтгүүл, сонин, сахилгын байдал болон үйл ажиллагааны илтгэл, бусад хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр дамжуулан гишүүн нэг бүрт хүргэж байна.

15.4. Ёс зүйн хороо мэргэшсэн нягтлан бодогч ёс зүйн дүрмийг хэрхэн мөрдөж байгааг өөрийн төлөвлөгөөт болон гэнэтийн шалгалтаар, эсвэл мэдээлэл гомдлын мөрөөр шалгана. Ёс зүйн хороо ирсэн бүх гомдлыг авч үзэх үүрэгтэй.

15.5. Ёс зүйн хороо мэргэжлийн стандартууд, ёс зүйн дүрэм зөрчсөн тухай гомдлыг тухайн мэргэшсэн нягтлан бодогчоос хараат бус тусгай комисс томилон шалгуулж болно.

15.6. Ёс зүйн хороо мэргэшсэн нягтлан бодогчийн ёс зүйн зөрчил гаргасан байж болох тохиолдлыг олж тогтоох, шийдвэрлэхдээ нэн түрүүнд ажил олгогч байгууллагын тогтоосон журмыг харгалзан үзэх нь зүйтэй.

15.7. Мэргэшсэн нягтлан бодогч ёс зүйн шаардлага биелүүлээгүй аливаа учир шалтгаанаа ММНБИ-ийн Ёс зүйн хорооноос томилогдсон шалгагч нарт тодорхой, ойлгомжтой тайлбарлаж, баримт бичиг, материалаа үзүүлэх үүрэгтэй.

15.8. Мэргэшсэн нягтлан бодогчийн үүрэг хариуцлага зарим тохиолдолд ямар нэг дотоод, гадаад шаардлагуудтай зөрчилдөх асуудал гарч болно. Энэ тохиолдолд ёс зүйн энгийн зөрчил, маргаанаас эхлээд залилан, хууль бус үйлдлийг хамарсан олон янзын арга замаар ёс зүйн зөрчил үүсч болно.

15.9. Ёс зүйн зөрчил гаргасан мэргэшсэн нягтлан бодогч найдвартай өмгөөлөл, зөвлөгөө авах боломжоор хангагдах ёстой.

15.10. Ёс зүйн хорооны дүгнэлт нь баримт, гэрчийн мэдүүлгээр нотлогдож батлагдсан байвал зохино.

15.11. Ёс зүйн зөрчил гаргаж шийтгүүлсэн нягтлан бодогч шийтгэлийн хугацаа дуусмагц шийтгэлийг хүчингүй болгуулахаар ёс зүйн хороонд хандах үүрэгтэй.

 

Арван зургаадугаар зүйл. Шийтгэл

16.1. Ёс зүйн зөрчил гаргасан тухай ёс зүйн хорооны дүгнэлт саналыг Ёс зүйн хороо болон Институтын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэхэд ёс зүйн зөрчилд холбогдсон мэргэшсэн нягтлан бодогч байлцах эрхтэй.

16.2. Ёс зүйн зөрчил гаргасан тухай Ёс зүйн хорооны дүгнэлт нь ММНБИ-ийн Тэргүүлэгчдийн хурлаар батлагдсаны дараа хүчин төгөлдөр болно. ММНБИ-ийн тэргүүлэгчид Ёс зүйн дүгнэлт шийтгэлийг хэлэлцэж шийдвэрлэхдээ олонхийн саналаар шийднэ.

16.3 ММНБИеийн тэргүүлэгчид мэргэшсэн нягтлан бодогчийн гаргасан зөрчлийн шинж байдлыг харгалзан дараах шийтгэлийн аль нэгийг ногдуулна. Үүнд:

а) Сануулах

б) Мэргэшсэн үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жил хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх

в) Мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг хасах

 

Арван долоодугаар зүйл. Үл зөвшөөрөх

17.1. Mэргэшсэн нягтлан бодогч Ёс зүйн зөрчил гаргасан тухай Ёс зүйн хорооны дүгнэлтийг эс зөвшөөрвөл эрх бүхий дээд байгууллагад гомдол гаргах эрхтэй.


Нийтэлсэн огноо: 2014/11/11


Хуваалцах:

Comments are closed.

© 2017 он. Нийслэлийн Засаг Даргын Хэрэгжүүлэгч Агентлаг
Дотоод Аудитын Алба