ДОТООД АУДИТЫН ТУХАЙ ОЙЛГОЛТ

Дотоод Аудиторуудын Олон Улсын Институтээс гаргасан Дотоод Аудитын Мэргэжлийн Практикийн Олон Улсын Стандартад “Дотоод аудит”-ыг дараах байдлаар тодорхойлсон.

“Дотоод аудит нь байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, түүний үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хараат бус, бодитой баталгаа өгөх ба зөвлөх үйл ажиллагаа юм. Энэ нь системтэй, оновчтой арга хандлагаар байгууллагын эрсдэлийн удирдлага, засаглал ба дотоод хяналтын үйл явцыг үнэлэх ба сайжруулахад тусладаг.

Мөн стандартаар “баталгаа өгөх гэдэг нь байгууллагын эрсдэлийн удирдлага, засаглал ба дотоод хяналтын үйл явцад хараат бус үнэлгээ өгөх зорилгоор зохих нотолгоонд хийгдэж байгаа бодитой шалгалт бөгөөд санхүүгийн, нийцлийн, системийн аюулгүй байдлын шалгалт зэрэг багтана” гэж заасан. Засаглал, эрсдэлийн удирдлага ба дотоод хяналтын системийн талаар дотоод аудитын нэгж хэрхэн авч үзэхийг стандартад дараах байдлаар заасан байдаг.

•2110-Засаглал - Дотоод аудитын нэгж байгууллагын засаглалын үйл явцыг үнэлэн, сайжруулах зөвлөмжийг өгөх ёстой.
 •2120-Эрсдэлийн удирдлага – Дотоод аудитын нэгж байгууллагын эрсдэлийн удирдлагын үйл явцын үр нөлөөтэй байдлыг үнэлэн, сайжруулахад хувь нэмэр оруулах ёстой.
 •2130-Дотоод хяналт – Дотоод аудитын нэгж дотоод хяналтын үр нөлөөтэй ба үр ашигт байдалд үнэлгээ  хийх, тэдгээрийн байнгын сайжруулалтад дэмжлэг үзүүлэх замаар үр нөлөөтэй дотоод хяналтын системийг бий болгоход байгууллагад туслалцаа үзүүлэх ёстой.

ДОТООД АУДИТЫН ҮНЭ ЦЭНЭ

Аливаа байгууллагын удирдлага нь эрсдэлийн удирдлага, хяналт, засаглалын үйл явц үр ашигтай байгаа эсэх талаар дотоод аудитаас бодит мэдээлэл авдаг.

ДОТООД АУДИТ НЬ

Байгууллагын үйл ажиллагаа удирдлагын төлөвлөснөөр явагдаж байгаа эсэхэд баталгаа өгдөг.

Хяналт, эрсдэлийн удирдлагыг сайжруулах, зардлыг бууруулах, орлого, үр дүнг нэмэгдүүлэх чиглэлээр зөвлөгөө өгдөг.

Үйл ажиллагаанд бодит үнэлгээ өгдөг.

______________________________________________________________

ДОТООД АУДИТЫН НЭГЖЭЭС ТА ЮУ ХҮЛЭЭЖ БОЛОХ ВЭ?

БАТАЛГААЖУУЛАЛТ:

Эрсдэл, Хяналт, Засаглал

Дотоод аудит нь байгууллагад стратегийн, үйл ажиллагааны, санхүүгийн зорилгодоо хүрэхэд нь эрсдэлийн удирдлага, хяналт, засаглалын байдалд баталгаажуулалт өгдөг.

ЭРСДЭЛ, ХЯНАЛТ, ЗАСАГЛАЛ

Дотоод аудит нь засаглалын 4-н тулгуурын нэг болж (дээд шатны удирдлага, гүйцэтгэх удирдлага ба хөндлөнгийн аудитын хамт) байгууллагад хүчтэй хяналт, үнэн зөв тайлагналтай байж эрсдэлийг бууруулан хөрөнгө оруулалтыг өгөөжийг нэмэгдүүлэхэд тусалдаг.

Дээд шатны удирдлага болон гүйцэтгэх удирдлагад эрсдэлийг илрүүлж удирдахад тусалдаг.

Хяналтын үр ашигтай байдал болон дүрэм журмын даган мөрдөлтөд төвлөрч, сайжруулах арга замыг зөвлөдөг.

______________________________________________________________

Дотоод аудитын байгууллагын эрсдэлийн удирдлагад гүйцэтгэх үүрэг

Дотоод аудитын олон улсын стандарт нь дотоод аудитыг байгууллагын эрсдэлийн удирдлагын үйл явцыг үнэлж, дүгнэхийг шаарддаг. Эрсдэлийг удирдах гэдэг нь байгууллагын зорилго, зорилтуудыг хангахад ямар эрсдэлүүд гарч болохыг тодорхойлж, үнэлэх, улмаар хариу арга хэмжээ болох хяналтуудыг оновчтой байдлаар хэрэгжүүлэх үйл явц юм.

Хэдийгээр дотоод аудит нь эрсдэлийн удирдлагын процессыг бий болгох эсвэл сайжруулахад удирдлагад туслалцаа үзүүлж болох ч эрсдэлийг удирдах гэдэг нь удирдлагын хүлээсэн үүрэг гэдгийг мартаж болохгүй юм.

Эрсдэлийн удирдлагын үйл явц үр нөлөөтэй эсэхийг тодорхойлохын тулд дотоод аудитаар дараах асуудлуудын хүрээнд үнэлгээ хийнэ.

  • Байгууллагын зорилтууд нь байгууллагын эрхэм зорилгыг дэмжиж, түүнд нийцсэн эсэх;
  • Гол чухал нөлөө бүхий эрсдэлүүдийг тодорхойлж, үнэлсэн эсэх;
  • Байгууллагын эрсдэл даах чадвартай уялдуулан эрсдэлд хариу арга хэмжээ авдаг эсэх;
  • Дээд шатны удирдлага, гүйцэтгэх удирдлага, ажилтнуудад эрсдэлтэй холбоотой мэдээллийг байгууллага дотор цаг тухайд нь мэдээлдэг эсэх.

Дотоод аудит нь байгууллагын эрсдэлийн удирдлагын үйл явцыг үнэлэн, түүнийг сайжруулах зөвлөгөө өгснөөр:

  • Байгууллагын дээд шатны удирдлага эрсдэлийн удирдлагын үйл явц үр ашигтай байгаа эсэх талаар бодит мэдээлэл авна;
  • Дотоод аудитаар өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлснээр байгууллагын эрсдэлийн удирдлага сайжирна;
  • Байгууллагын эрсдэлийн удирдлага сайжирснаар аливаа гадаад болон дотоод эрсдэлээс урьдчилан сэргийлнэ.

Байгууллага эрсдэлээс урьдчилан сэргийлж чадсанаар үйл ажиллагаанд учирч болох аливаа сөрөг нөлөөллөөс боломжит түвшинд ангид байж чадна.

______________________________________________________________

Дотоод аудитын байгууллагын дотоод хяналтад гүйцэтгэх үүрэг

Дотоод аудитын үйл ажиллагаа нь гол төлөв байгууллагын дотоод хяналтыг сайжруулахад чиглэгддэг. Дотоод аудит нь дотоод хяналтын үйл явцын үр нөлөөтэй ба үр ашигтай байдлыг үнэлэн, байнгын сайжруулалтыг санал болгох замаар удирдлагад туслалцаа үзүүлэх үүрэгтэй.

Дотоод аудитаар байгууллагын засаглал, үйл ажиллагаа болон мэдээллийн системийн эрсдэлийг бууруулах хяналтуудын үр нөлөөтэй байдлыг доорх зүйлсийн хүрээнд үнэлнэ.

  • Санхүүгийн болон үйл ажиллагааны мэдээллийн үнэн зөв байдал;
  • Үйл ажиллагаа, хөтөлбөрийн үр ашигтай ба үр нөлөөтэй байдал;
  • Хөрөнгийн хамгаалалт;
  • Хууль тогтоомж, дүрэм журмын даган мөрдөлт;
  • НББ-ийн үйл ажиллагааны дотоод хяналтыг үнэлэх.
  1. ______________________________________________________________

Эрсдэлийг бууруулах зорилгоор дотоод хяналтын үйл явцыг бий болгох, зохион байгуулах нь байгууллагын удирдлагын хүлээх үүрэг юм. Байгууллагын удирдлага нь энэ талаар бодлого, журам боловсруулж хэрэгжүүлдэг. Дотоод аудиторууд нь харин эдгээр бодлого, журам хэрхэн үр нөлөөтэй хэрэгжиж байгаад үнэлэлт өгч, түүнийг сайжруулах талаар зөвлөгөө өгдөг.

Дотоод аудит нь байгууллагын дотоод хяналтын үйл явцын үр нөлөөтэй байдлыг үнэлэн, түүнийг сайжруулах зөвлөгөө өгснөөр:

  • Байгууллагын дээд удирдлага дотоод хяналт үр ашигтай байгаа эсэх талаар бодит мэдээлэл авна;
  • Дотоод аудитаар өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлснээр байгууллагын дотоод хяналт сайжирна;
  • Дотоод хяналт сайжирснаар байгууллага дотоод хүчин зүйлсээс үүдэн гарах аливаа эрсдэл, алдаа дутагдлаас урьдчилан сэргийлнэ.
  • Дотоод аудитын үр дүнд дотоод хяналт сайтай байснаар албан хаагчдын ажлын цаг ашиглалт сайжирч, ажлын бүтээмж дээшилнэ.

Дотоод аудитын байгууллагын засаглалд гүйцэтгэх үүрэг

Байгууллагын засаглал нь тухайн байгууллагын дээд шатны удирдлагаас зорилгодоо хүрэхээр байгууллагын үйл ажиллагааг хянаж, зохицуулж, удирдахаар хэрэгжүүлж буй процесс болон зохион байгуулалтын бүтцийн хослол юм. Засаглалд байгууллагын бүтэц, соёл, бодлого, стратеги, ил тод байдал, ёс зүй гэх зэрэг зүйлс ордог.

Дотоод аудитын байгууллагын засаглалд гүйцэтгэх гол үүрэг нь Аудитын хороонд (түүнтэй адилтгах субъект) үүргээ гүйцэтгэхэд нь туслах юм. Үүнд томоохон дотоод хяналтын зөрчлийг тайлагнах, гүйцэтгэх удирдлагын ажлын үр дүнгийн талаар мэдээлэх, Аудитын хорооны хурлын хөтөлбөрт оруулах сэдэв, саналыг зөвлөх зэрэг үйл ажиллагаа орж болно.

Засаглалын үйл явцын хүрээнд дараах зорилгуудыг хангахад дотоод аудитын үйл ажиллагаа чиглэгддэг.

  • Байгууллагын ёс зүй, соёлыг эрхэмлэн дээдлэх;
  • Үр ашигтай гүйцэтгэлийн удирдлага, хариуцлагын системтэй байх;
  • Эрсдэл ба хяналтын талаарх мэдээллийг байгууллагын нэгж хэсгүүдэд хүргэх;
  • Дээд шатны удирдлага, гүйцэтгэх удирдлага, хөндлөнгийн ба дотоод аудиторуудын үйл ажиллагаа нь хоорондоо уялдаатай байх.

______________________________________________________________

БОДИТ БАЙДАЛ:

Шударга, Хариуцлагатай, Хараат бус байдал

Дотоод аудит нь дээд шатны удирдлага болон гүйцэтгэх удирдлагыг бодит зөвлөгөөгөөр хангах бие даасан хараат бус дотоод зөвлөх болж өгдөг.

ШУДАРГА, ХАРИУЦЛАГАТАЙ, ХАРААТ БУС БАЙДАЛ

Мэргэжлийн стандарт болон ёс зүйн дүрмээр мэргэшсэн байдал болон шударга байдлыг эрхэмлэдэг.

Дээд шатны удирдлага болон гүйцэтгэх удирдлагад зорилгодоо хүрэхэд нь хариуцлагатайгаар тусалдаг.

Хараат бус байдлыг хангахын тулд дотоод аудитын нэгжийн дарга нь дээд шатны удирдлага болон гүйцэтгэх удирдлагад ажлаа шууд тайлагнадаг.

______________________________________________________________

ЗӨВЛӨГӨӨ:

Дүн шинжилгээ, Үнэлгээ, Хөдөлгөх хүч     

Дотоод аудит нь бизнес, мэдээллийн үйл явцад хийсэн дүн шинжилгээ, дүгнэлтэд тулгуурлан зөвлөгөө өгч байгууллагын үр ашгийг сайжруулах хөдөлгөгч хүч болдог.

ДҮН ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ХӨДӨЛГӨХ ХҮЧ 

Мэдээлэлд дүн шинжилгээ хийн үйл явцыг сайжруулахад дэмжлэг болдог.

Бизнес, түүний зорилгын талаар ойлголт авснаар үйл ажиллагааны үр ашгийг үнэлдэг.

Үйл явцыг үнэлэн, илрүүлэлтийг тайлагнаж, зөвлөгөө өгч сайжруулалт, ахиц дэвшлийн хөдөлгөх хүч болдог.

ДОТООД АУДИТОРУУД НЬ

Төрөл бүрийн мэдлэг, ур чадвар, туршлагатай байдаг.

Эрсдэл, хяналт, бүтээмжийн мэргэжилтнүүд ба асуудлыг шийдвэрлэгчид байдаг.

Байгууллагын удирдлагад зорилгодоо хүрэхэд нь болон дээд шатны удирдлагад хяналтын үүрэг хариуцлагаа хэрэгжүүлэхэд нь тус болдог.

Үйл явцад дүн шинжилгээ хийнэ.

Зардлын дүн шинжилгээ хийнэ.

Хөндлөнгийн аудиторуудад дэмжлэг үзүүлнэ.

Хууль тогтоомж, дүрэм журмын даган мөрдөлтийг баталгаажуулна.

Гэрээний нөхцөл, заалтын хэрэгжилтийг баталгаажуулна.

Бүртгэлийг биет хөрөнгөтэй тулган баталгаажуулна.

Бүртгэл мэдээллийн үнэн зөв байдлыг баталгаажуулна.

Гүйцэтгэл болон тэргүүн туршлагыг харьцуулна.

Хяналт, эрсдэлийн удирдлагыг сайжруулах зөвлөгөө өгнө.

Зардлыг бууруулах, орлого ашгийг нэмэгдүүлэх арга замыг зөвлөнө.

______________________________________________________________

Энэхүү товхимлыг Сангийн яамны Төсвийн хяналт, эрсдэлийн удирдлагын газраас эмхтгэн гаргав.

 


Нийтэлсэн огноо: 2014/10/23


Хуваалцах:

Comments are closed.

© 2017 он. Нийслэлийн Засаг Даргын Хэрэгжүүлэгч Агентлаг
Дотоод Аудитын Алба